Гурван хөлтэй хүүхдэд мэс засал амжилттай хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.30-нд нийтлэгдсэн

Гурван хөлтэй хүүхдэд мэс засал амжилттай хийжээ

Чоити охин ээж Шимагийн хамт

Бангладешийн төрөлхийн гурван хөлтэй охинд Австралийн эмч нар мэс засал хийж, илүү хөлийг амжилттай салган авчээ. Гурван настай Чоити Хатун охины энэ гажгийг доод биеийн ихэр гэж нэрлэдэг бөгөөд өрөөсөн ихрийн биеийн хэсэг нь нөгөөгийнхөө аарцаг орчимд ургаж, хөгжсөн гэж тайлбарлаж болох юм.

Австралийн эмч мэргэжилтнүүд охины илүү мөчийг тайран авч, аарцгийг хэрхэн нөхөн сэргээх талаар хэдэн сарын турш судалсны эцэст арга замыг олж харжээ. Ингээд “Children First” хүмүүнлэгийн сангийн тусламжтайгаар Бангладешаас Чоити охиныг Австралид хүргэж, мэс засал хийсэн байна.

Австралийн Виктория мужийн Монаш хүүхдийн эмнэлгийн ахлах мэс засалч доктор Крис Кимбер Чоитигийн тохиолдлыг маш ховор, тиймээс мэс засал нэлээд түгшээсэн гэдгийг хэлжээ.

Бангладешийн эмч нар өмнө нь охинд мэс засал хийж, гурав дахь хөлний үзүүр хэсгийг тайрч авсан байна. Гэвч охин нэгэнт ихэр бүтэцтэй учир хоёр шулуун гэдэс, хоёр үтрээ, хоёр хошногоны сүвтэй байсан гэнэ. Тиймээс зөвхөн илүү хөлийг аваад зогсохгүй, нарийн мэс ажилбар хийх шаардлагатай байжээ.

Доктор Кимберийн хэлснээр Чоити охин одоо өөрөө алхаж, гүйж чаддаг болсон, жин ч нэмж байгаа гэнэ. Одоохондоо охины биед аюултай, халтай нөхцөл байдал үүсээгүй, гэхдээ өсвөр насанд хүрмэгцээ дахин мэс засал хийлгэх шаардлага гарч болзошгүй аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж