Сайхан бүсгүйтэй зугаалж, сайн хүүхэнтэй ханил

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Сайхан бүсгүйтэй зугаалж, сайн хүүхэнтэй ханил

Эрчүүд сайхан хүүхнүүдэд нугасгүй гэдэг ч амьдрал дээр нүд гялбам царайлгийг биш харин халамжтай, даруухан бүсгүйг насан туршийн ханиараа сонгох нь олонтаа. Цуутай хүүхэн хуримгүй гэдэг зүгээр ч нэг хэлчихсэн үг биш. Үүний баталгаа нь царайлгаасаа царай муутай хүүхнүүд сайн ханьтай таарч, аз жаргалтай амьдарч байгаа жишээ олон. Эрчүүд хэт сайхан хүүхнээс айдаг. Намайг тоохгзүй биз дээ гэсэн болгоомжлол өөрийн болгохсон гэсэн гэх бодлоос нь түрүүлж санаанд нь ордог гэсэн тайлбарыг сэтгэлзүйчид хийдэг. Гэхдээ энэ цорын ганцхан тайлбар, шалтгаан ч биш.

Бие хаа, царай зүсээр бусдаасаа илүү, дээр нь бага залуу наснаасаа ажил төрлийн хувьд өндөрлөгт гарчихсан хүүхнүүд насны нар хэвийтэл хорвоог ганцаараа туулах нь элбэг. Магадгүй яг энэ мөчид 25-35 насны олон зуун сайхан бүсгүй "Би ийм гайхамшигтай хэрнээ яагаад ганцаараа байдаг юм бол" гэсэн асуултыг өөртөө тавьж буй биз. Хэрэв тэд үнэхээр хань ижлээс бусад бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг юм бол "яагаад" гэдэг асуултыг тавих нь зөв. Гэхдээ шалтгааныг гаднаас биш өөрөөсөө түрүүлж хайх ёстой.

Нэгдүгээрт, өөрийгөө үргэлж бусдаас толгой дээгүүр байх зорилт тавин зүтгэдэг хүмүүс өрөөлийг дандаа тээр дээрээс харах нэгэн төрлийн өвчтэй болчихсон байдаг. Та анзаарсан биз дээ. Албан тушаалын хувьд өндөрлөгт гарчихсан хүмүүс ихэвчлэн царай зүсээр хэнд ч гологдохооргүй байдгийг. Тийм учраас тэд бусдыг зэрэг зиндаагаар ялгаад сурчихсан байдаг юм. Түүнээс ч болдог уу, өөрт таарах хосыг мөн л нэлээд дээгүүр зиндааныхнаас хайна.

Хэрэв та өөрийгөө ийм байдалд оржээ гэж дүгнэж буй бол өөрчлөгдөх замыг хай. Үүний тулд амьдралыг, ертөнцийг ер нь бүхий л зүйлийг харах өнцгөө өөрчлөх гээд үз. Хүмүүсийг эд хөрөнгө, бэл бэнчин, гадаад байдал, боловсрол гэхчилэн материаллаг талаас нь үнэлэх биш сэтгэлийг нь түрүүлж нээхийг хичээ. Өөрөөс тань үлэмж доогуур зиндаанд харагдахаар хувцасласан эртэй танилцахаас татгалзаж байсан үе танд бий юү. Сайн бодоод үзээрэй. Эрчүүдэд тавих шаардлага тань хэтэрхий хатуу чанга байх тусам нийцэх хүнийг олох тэр хэрээр хэцүү. Мэдээж хүн л юм чинь түүнд ямар нэг дутагдал заавал байж таарна. Өнөөх арван хуруу тэгш хүн байдаггүй баталгаа энэ шүү. Үүнтэй санал нийлэхгүй байгаа бол та хорвоог ганцаараа туулахаас өөр аргагүй л болов уу.

Хоёрдугаар бүлэгт сэтгэл татам сайхан царай зүстэй хэрнээ түүнийг хэн ч хааш нь ч урьдаггүй тийм бүсгүйчүүд багтана. Тэднийг дэлгүүрийн лангуун дээрх ганган ваар сав сонжих адил гаднаас нь харж байгаад л өнгөрөөд явчихдаг. Хэрэв та өөрийгөө ийм бүсгүйчүүдийн нэг гэдэгт итгэлтэй байгаа бол байдал тийм ч хэцүү биш гэдэгт итгэж болно. Хөөрхөн царайндаа аятайхан инээмсэглэл тодруулаад алхаад үз. Гэхдээ мэдээж хиймэл худлаа бол байдал сайжрахгүй шүү дээ. Таны инээмсэглэл тодруулсан царайнаас халуун дулаан энерги ялгарч байх ёстой юм. Яг л нар шиг. Хэрэв та хэлснээр байж чадвал өмнө нь дэгжин хувцас өмсүүлсэн хиймэл хүүхэн харж байсан аятай шохоорхоод л өнгөрдөг байсан эрчүүд аяндаа анхаарал тавьж, үг яриа өдөхийг хүсч эхэлнэ. Энэ бол амьдралаар батлагдсан арга шүү.

Туршаад үзээрэй. Тэгээд ч эрчүүд сайхан хүүхэнтэй зугаалж, сайн бүсгүйг ханиа болгох ёстой гэж үздэг юм. Сайхан бас сайн бүсгүй байж яагаад болохгүй гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж