Хоёр танхимтай байх асуудлыг хэлэлцэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2017.04.30-нд нийтлэгдсэн

Хоёр танхимтай байх асуудлыг хэлэлцэж эхлэв

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь өдрийн арга хэмжээ эхэллээ.

Өнөөдрийн тухайд гурван сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, төгсгөлд нь иргэдээр санал асуулгын хуудас бөглүүлэх аж. Өнөөдрийн хэлэлцүүлэх гурван сэдэв нь:

Нэгдүгээрт, Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай байх.

Хоёрдугаарт, Улс төрөөс хараат бус мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх.

Гуравдугаарт, Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах.

Ингээд эхний сэдэв болох Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай байх гэсэн сэдвийг хэлэлцүүлж эхэлэв. Эхэнд нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хоёр танхимтай байх асуудлаар танилцуулга хийсэн юм. Тэрбээр “Ард түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, хууль тогтоох үйл ажиллагаанд ард түмний оролцоог нэмэгдүүлэх, хууль батлах-гүйцэтгэх эрх мэдэл хоорондын харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, парламентын өөрийг нь хянах хяналтыг сайжруулахад Улсын Их Хурлын дотоод хийгээд үндсэн бүтцийг хоёр танхимтай /дээд, доод/, хоёр шатлал бүхий танхимтай байх хувилбараас аль нь зохистой байх асуудлыг дэвшүүлж, энэхүү сэдвийг хэлэлцүүлэхээр тогтсон. Олон нийт, иргэний нийгмийн байгууллага, “Ардын Их Хурал” хөдөлгөөнөөс Улсын Их Хурлыг “хоёр танхимтай”, эсхүл “хоёр шатлал бүхий танхимтай” байх тухай хэлэлцүүлгийг зөвлөлдөх санал асуулгаар шийдвэрлэх нөхцөл, үндэслэл бүрдэж байна” гэв.

Түүхэн эх сурвалж: 1924,1940 оны Үндсэн хуульд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Ардын Их Хурал хадгалах бөгөөд түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах” гэж, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал байна” гэж заажээ.

1992 оны Үндсэн хуулийн төсөл боловсруулах үеийн үзэл баримтлалд Улсын Их Хурлыг өөрчлөх хоёр хувилбарыг дэвшүүлж байжээ.

Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улс парламентын хоёр танхимтай байх асуудлаар санал хураалт явуулсан боловч олонхийн дэмжлэг аваагүй байна.

Үндсэн хууль дахь одоогийн зохицуулалт:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”

  • Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэйбайна” гэж хуульчилсан.

Олон улсын туршлага:

Улсын Их Хурлын Тамгын газрын судалгааны албанаас гаргасан “Парламентын засаглалтай улс орны төрийн эрх мэдлийн хуваарилалт”судалгаанд дурьдсанаар:

Нэг: Төрийн удирдлагын хэлбэрээр Монгол улстай адил парламентын бүгд найрамдах засаглалтай 54 улс байгаагаас:

  • 15 улс нь хоёр танхимтай парламент;

  • 36 улс нь нэг танхимтай парламент;

  • 3 улс нь хоёр шатлал бүхий парламент байна.

Судалгаанаас үзэхэд төрийн байгууламжийн хувьд:

  • нэгдмэл улсууд нь ихэвчлэн парламентын нэг танхимтай,

  • холбооны улсууд болон улсуудын холбоо нь парламентын хоёр танхимтай байна.

Улс төрийн дэглэмийн хувьд социалист улс хоёр шатлал бүхий парламентын загвартай байна. Тодруулбал: Лаос, Вьетнам, БНХАУ юм.

Хоёр: Парламентын хоёр танхимыг бүрдүүлэх арга, зарчим:

Дээд танхимын хувьд:

  • томилгооны зарчмаар;

  • сонгуулийн зарчмаар;

  • томилгоо болон сонгуулийн хосолмол хэлбэрээр бүрдүүлдэг байна.

Доод танхимын хувьд:

Ард түмний төлөөлөл болж, бүх нийтийн, чөлөөтэй, шууд сонгуулиар бүрддэг.

Хоёр шатлал бүхий парламенттай улсын хувьд парламентын доод танхим нь дээд танхимаасаа томилогдсон гишүүдээс бүрддэг онцлогтой. Энэ нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчимтай зөрчилдөнө.

Санал болгож буй өөрчлөлтийн тодорхойлолт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах.

  • Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох

Санал болгож буй өөрчлөлтийн эерэг ба сөрөг тал:

Эерэг тал:

  • Тодорхой орон нутаг, хүн ам, нийгмийн цөөнхийн ашиг сонирхлыг зөрчихөөс сэргийлэх.

  • Улс төрийн намын нөлөөллийг багасгах, аливаа ашиг сонирхолоос ангид байх, монополь байдлыг тэнцвэржүүлэх.

  • Улсын Их Хурлын хууль тогтоох чанар сайжрах.

  • Парламентын хяналтын тогтолцоо сайжрах, доод танхимын үйл ажиллагааг хянах, мэргэшүүлэх.

Сөрөг тал

  • Ардчилсан Үндсэн хуулийн гол зарчим болох төлөөллийн зарчмаас ухрах.

  • Хоёр шатлал бүхий парламент нь социалист дэглэмтэй улсад байдаг.

  • Улсын Их Хурлын төсөв хэт ихсэх. Тухайлбал, сонгуулийн зардал, гишүүдийн зардал, албан хаагчдын зардал болон Улсын Их Хурлын ажлын албаны бүтэц хэт томрох.

  • Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн үйл явц хэт удаашрах, цаг алдах.

  • Дээд, доод танхимыг бүрдүүлэх арга, тэдгээрийн хоорондын чиг үүргийн ялгааг сайн гаргахгүй бол давхардал үүсгэх, парламентын төлөөллийн мөн чанар, бүрэн эрхийг алдагдуулах.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж