Б.Нарансолонго:ТАЛОН НЬ НЭГ САРЫН ХУГАЦААНД ХҮЧИНТЭЙ
-Энэхүү ажлыг хэзээнээс эхлэн хэрэгжүүлж байгаа вэ?
-Энэ хүнсний талон олгох ажил нь анх 2010 оноос Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэсэгийн ажлын хүрээнд туршилт судалгаа хэлбэрээр анх ажлын хэсэг гарган ажилласан юм. Харин энэхүү ажил нь одоогийн байдлаар туршилтын байдлаар хийгдэж байгаа. Ер нь одоогийнбайдлаар хүнсний талон тараах ажил ерөнхийдөө дуусах шатандаа орж байна.
-Хүнсний талоныг харьяа дүүргүүдэд нь хуваарилж байгаа юу?
-Бид уг ажлын хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн болон амьжиргааны түвшнээс доогуурх айл өрхүүдийг судалгаанд хамруулж, тэднээс орлогоор нь эрэмбэлж шугам татаж тэр шугамаас доогуур орсон иргэдийг сонгон авсан. Нийт судалгаанд Хөвсгөл, Ховд, Дорнод, Дундговь мөн Улаанбаатар хотоос Сонгинохайрхан дүүргийг хамруулсан. Энэ таван ажлын хэсгээс 4120 өрх, 26571 иргэн хамрагдсан юм. Цаашид бид нэлээд олон дүүргийг хамруулан уг ажлыг хийхээр төлөвлөж байгаа.
-Тэгэхээр хүнсний талоноор хаана үйлчлүүлэх хийх вэ?
-Бид аймаг, дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллаж харьяа дүүрэг болон аймгийн Засаг дарга нарт танилцуулсан. Харин Засаг дарга нар хүнсний талонаар үйлчлэх хүсэлтэй дэлгүүрүүд дунд сонгон шалгаруулах тендер явуулсан. Тендерээс шалгарсан дэлгүүрүүд хүнсний талонаар зөвхөн хүнсний хэрэглээний барааг худалдаалах юм.
-Хүнсний талоны нийт хэрэглээний үнийн дүн нь хэд вэ, Хүүхэд том хүн гэж заагласан байгаа юу?
-Мэдээж бид анх судалгаа хийж байх явцдаа хоол тэжээлийн харьцуулалт хийсэн. Тэгээд бид том хүн буюу 16-аас дээш насны иргэдэд 10 мянган төгрөгийн талон харин түүнээс доош насны иргэдэд 5000 төгрөгийн талон өгөхөөр тогтсон юм. Энэхүү талон нь сарын хугацаатай бөгөөд нэг сард хэрэглэх хүнсний хэмжээнээс гурав дахин багаар тооцож өгч байгаа юм л даа.
-Хүнсний талон тараах ажил ирэх онд хэрэгжих үү?
-Бид юутай ч ойрын хоёр жил судалгаа туршилтын байдалтай хэрэгжүүлж байна. Одоо л хийсэн ажлынхаа үр дүнг хүлээгээд сууж байна. Хэрэв энэхүү хүнсний талон тараах ажил маань хүртээмжтэй болж чадвал бид энэ ажлыг хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа. Уг ажлыг хэрэгжүүлснээр манай улсын нийгмийн эмзэг давхарага болон амжиргааны түвшингөөс доогуур иргэдийн амьдралыг сайжруулахад гол үүрэг оршиж байгаа юм.
Тэрбээр ийн ярив. Энэ нь нийгмийн сайн сайханд чиглэсэн ажил бөгөөд манай улсад байгаа нийгмийн эмзэг хэсгийн зарим өрхөд хүрч чадаж байна. уг ажил нь цаашид хэрэгжиж олон аймаг, дүүрэг цаашилбал улсын хэмжээнд хүргэхийг зорин ажиллахыг хичээж байна.
"Улс төрийн тойм" сонин