Халдашгүй эрхэнд хэн хяналт тавих вэ?

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Халдашгүй эрхэнд хэн хяналт тавих вэ?

УИХ-аар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд эл төслөөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тал бүрийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг өнөөдөр/2017.05.03/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөл нь 2015 онд баталсан хуулийн төслийн юуг нь авсан, юуг нь илүү сайжруулж оруулж ирсэн бэ гэдэгт мэдээлэл өглөө.

УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хуулийн төсөл нь есөн бүлэг 380 зүйлтэй аж.

Одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд өмгөөлөх талын нотлох баримтыг үнэлүүлэх шаардлага байна, ингэж авч үзээгүй нөхцөлд зөвхөн яллах талын буюу нэг талын давамгай байдалтайгаар нотлох баримтыг цуглуулах, хэрэг таслан шийдэрлэх ажиллагаа явж байна гэж үздэг учраас оролцоог тэгш хангах зарчим барьжээ. Ингэснээр өмгөөлөгч холбогдох нотлох баримт цуглуулах, таслан сэргийлэх ажиллагаа явуулахад өмгөөлөгчийг заавал оролцуулах, шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд эдгээр зарчмыг заавал хангаж шийдвэрлэнэ гэсэн салаа утгагүй заалт оруулсан байна.

Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх асуудал нь одоогийнхоос дэвшилттэйгээр тусчээ. Тухайлбал, хэрэг үйлдэл дээрээ баригдсан, гэм буруугаа өөрөө сайн дураар хүлээсэн, тодорхой зүйл дээр удаах хэрэггүй, гэж үзжээ. Иймээс хэргийн талаар гомдол санал байхгүй тохиолдолд энэ төрлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхээр оруулж ирсэн байна. Ингэснээр хэргийг удаадаг гэдэг шүүмжлэл байхгүй болох юм.

2015 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиас одоогийн төсөл юугаараа ялгаатай вэ?.

Өмнөх хуульд шүүх хуралдаанд хохирогч болон түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч оролцохгүй байхаар баталсан байсан аж. Монгол Улсын Үндсэн хуульд хүн өөрөө, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчийн туслалцаа авах эрхтэй байхаар заасан байдаг тул үүнд хуулиар хязгаарлалт тавих хэрэггүй гэж үзжээ. Иймээс төсөл боловсруулагчид хохирогчийн эрхийг авч үзэх ёстой гэдэг утгаар хохирогч, түүний өмгөөлөгчийг шүүх хуралд оруулахаар шинээр томъёолжээ.

Өмнөх хуульд сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгон хугацааг бууруулжээ.

Энэ нь шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хийгдэх үйл ажиллагаа аж. Төсөл санаачлагчид хууль зүйн үндэслэлгүйгээр хэн нэгнийг хардаж, сэрдэн баривчилдаг хугацаа хязгаартай байх ёстой. 24 цагийн дотор шүүхийн шийдвэрээ гаргуулах ёстой. Үндэслэл нотолгоо байж, хүний эрхэнд халдаж баривчлах саатуулах үйл ажиллагаа явуулах ёстой учраас хугацаа урт байх шаардлагагүй гэж үзсэн юм байна.

Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээр нийт баривчлагдаж саатуулагдсн хүмүүсийн 20 орчим хувь нь яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, 80 орчим хувь нь хангалттай нотлох баримтгүйгээр баривчлагдаж саатуулагджээ гэдэг нь дээрх судалгаагаар гарсан тул төсөлд хугацааг багасгасан нь зөв гэж хуульчид мөн үзжээ.

2015 онд баталсан Эрүүгийн байцаан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар мөрдөн шалгах шүүх ажиллагааны зөвшөөрлийг шүүхэд шилжүүлсэн байсан аж.

Үүнийг төсөл санаачлагчид зөвшөөрлийг прокурор болгож өөрчилжээ. Энэ нь Үндсэн хуультай холбоотойгоор хийгдсэн өөрчлөлт гэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны гол онцлог бол шүүх өөрт ирсэн нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж, хэрэг маргааныг таслан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой юм байна. Гэтэл эрүүгийн хэрэг үүсэхдээ дөнгөж сэжиг бүхий баримт гараад, нотлох баримт цуглуулах үе шатанд шүүгч оролцоод эхлэх нь шүүх хараат бус бие даасан байх ёстой гэсэн үндсэн зарчимтай харшлах болж буй аж.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар прокурор гурван үндсэн чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, хэрэг бүртгэх, ял эдлүүлэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих.

Гэтэл хэрэгт хяналт тавих чиг үүргийг шүүхэд өгснөөр Үндсэн хуулиар олгогдоогүй эрх шилжин очихоор болсон байна. Жишээлбэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны зөвшөөрлөө өгөөд ирэхээр шүүгчид чиглэл даалгавар өгөх болж буй аж. Энэ тохиолдолд хараат бусаар хөндлөнгөөс шүүнэ гэдэг зарчим алдагдах учраас энэ хяналтыг Үндсэн хуульдаа нийцүүлээд прокурортоо өгөх нь зөв юм гэж үзжээ.

Харин МУИС-ийн Хуул зүйн сургуулийн дэд профессор, доктор О. Мөнхсайхан:

Хууль ёсны зорилгоор хүний тодорхой эрхүүдэд халдах шаардлага гардаг. Гэхдээ энэ нь гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилготой байх ёстой.

Нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хүний биеэс дээж авах, харилцаа холбоонд хяналт тавихад прокурорын зөвшөөрлөөр хийхээр Засгийн газраас төсөл өргөн мэдүүлсэнтэй санал нийлэхгүй. Яагаад гэвэл саяын ажиллагаанууд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн нэг юм. Энийг хязгаарлах зайлшгүй шаардлага байна уу гэдгийг хөндлөнгийн хараат бус хяналтаар шийдэх ёстой.

Яагаад гэвэл прокурор эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлж явдаг учраас оролцоо ихтэй. Прокурлор яллах чиг үүрэгтэй, цагаатгах талаас нь асуудлыг авч үзэх ёстой ч яллах талаас нь түлхүү харах хандлага бий болдог. Ийм учраас нэгжлэг хийх, нууцаар шалгах зэрэг ажиллагаануудад прокурорын хяналт үндсэн эрхийг хамгаалахад хангалттай биш учраас шүүхийн хяналт орж ирэх шаардлагатай гэж үзэж байна гэсэн юм.

Мөн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд прокурор хяналт тавина гэж заасан ч шүүхийн хяналт орж ирснээр үгүйсгэхгүй. Тодорхой даалгавар өгөөд ажилладаг. Гол нотолгоо нь баривчлах, цагдан хорих ажиллагаан дээр шүүгчийн зөвшөөрлийг оруулж ирдэг. Эрх чөлөөтэй байх эрхтэй адил орон байр, бие махбодь зэргийн халдашгүй эрхэнд халдахад шүүгчийн зөвшөөрөл шаардлагатай гэдгийг харуулж байгаа гэлээ.

Тэрбээр мөн энэ хуулийн хүрээнд хэрэгт холбогдсон хүнээс дээж авах бол ямар төрлийн дээж авах вэ гэдгийг нарийн тусгаж өгөх, түүнээс гарсан хариуг дараа нь ямар нэг хэрэгт дахин ашиглахгүй байхын тулд устгах, утас чагнах, майл шалгах, сонсох төхөөрөмж тавих зэргийг нарийвчлан заах. Гуравдагч этгээдийн хувийн мэдээллийг утсаар чагнадаггүй байх зэргийг хуулиар зохицуулж өгөх ёстой гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж