Хуучирсан мэдээ: 2017.04.29-нд нийтлэгдсэн

Баатруудын баг ялав

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлт өнөөдөр Хөлбөмбөгийн ногоон талбайд эхэллээ.

Энэ жилийн лигийн тэмцээнд 10 баг оролцож байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Арвайн үндэс” компани гурав дахь жилдээ ажиллаж байна.

120 сая төгрөгийн шагналын сантай лигийн тэмцээний нээлтийн үеэр нэгэн сонирхолтой нөхөрсөг тоглолт боллоо.

“Оддын хөлбөмбөг” нэртэй тоглолтод урлаг, спортын алдартнууд багтсан юм. Энэхүү тоглолтыг Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн хэлтсээс зохион байгуулсан бөгөөд тоглолтын тасалбарын орлогыг Аутизмыг таниулах сарын аянд зориулах юм.

Урлаг, спортын алдартнууд “Хөх чононууд”, “Цагаан барс” багт хуваагдсан. Багууд хоёр үе тоглосон бөгөөд үе бүр 20 минутаар үргэлжилсэн. Ингээд өрсөлдөөн дүүрэн болсон тоглолтыг баатруудын баг буюу "Цагаан барс"-ууд 2:0 онооны харьцаагаар тэргүүлсэн юм.

Ялагч багт олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын дэлхийн шилдэг жүдочид багтсан. Үнэхээр энэ өдрийн тоглолтод баатруудын баг хүчтэй гэдгээ харуулж, тоглолтын эхнээс "Цагаан барс" өрсөлдөгчөө хуурах олон хувилбар гарган, бөмбөг эзэмшилтээр илүүрхэж байлаа. Давуу талаа сайн ашиглаж чадсан тэднийг аварга Х.Цагаанбаатар баярлуулж, эхний гоолыг оруулсан. Хоёр дахь гоолыг торгуулийн цохилтоос "Guys" хамтлагийн дуучин Д.Лхагва оруулснаар нөхөрсөг тоглолт “Цагаан барс”-ын ялалтаар өндөрлөсөн юм.

“ОДДЫН ХӨЛБӨМБӨГ” НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ

(2017.04.29, Хөлбөмбөгийн талбай)

  • “Хөх чононууд” – “Цагаан барс” 0:2

                Гоол: Х.Цагаанбаатар, Д.Лхагва

“ЦЭНХЭР” БУЮУ ХӨХ ЧОНОНУУД БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  • Ерөнхий дасгалжуулагч: МУСГЗ Ш.Гүрбазар
  • Г.Ганхүү – “Шар айраг” хамтлагийн дуучин
  • Д.Энхбаяр –  TV Coctail хамтлагийн жүжигчин
  • Ш.Батсуурь -Жүжигчин
  • Н.Оргил -Жүжигчин
  • Э.Бадар-Ууган -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
  • Х.Бат-Ундрал -"Guys" хамтлагийн дуучин
  • Х.Манлайбаатар –Жүжигчин
  • Д.Отгонбаяр – “Хурд” хамтлагийн соло гитарчин
  • Ж.Нарантунгалаг – Монголын тулааны спортын тамирчин, холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин
  • Д.Дэрмээ- "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин
  • П.Сэрдамба – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
  • Б.Пүрэвсайхан – Монгол Улсын Заан
  • Шинобу Амараа буюу Ц.Амарсайхан – Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Shinobu fighting, fitness center” төвийн тамирчин

“ЦАГААН” БУЮУ “ЦАГААН БАРС” БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  • Ерөнхий дасгалжуулагч: Н.Түвшинбаяр – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
  • Х.Цагаанбаатар – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн хүрэл, дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой хүрэл /Тоглолтын эхний гоолыг оруулав./
  • Д.Отгондалай – Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт
  • Т.Бархүү – Жүжигчин
  • Б.Анхбаяр – Жүжигчин
  • С.Болд-Эрдэнэ – УДЭТ-ын жүжигчин
  • Р.Пүрэвдагва – Монгол Улсын Арслан
  • Д.Отгонбаатар – "Хурд" хамтлагийн бөмбөрчин
  • Д.Лхагва -"Guys" хамтлагийн дуучин /Торгуулийн цохилтоор хоёр дахь гоолыг оруулав/
  • П.Баярцэнгэл – Дуучин
  • Б.Батзаяа – Хөтлөгч
  • Э.Цолмонбаяр – Жүжигчин, хөтлөгч
  • Н.Ялалт – Жүжигчин
  • О.Амгаланбаатар – Жүжигчин, загвар өмсөгч нар багтсан байна.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж