МОНГОЛ УЛСАД МЭРГЭЖЛИЙН НАЙРАЛ ДУУ ҮҮСЧ ХӨГЖСНИЙ 70 ЖИЛД ЗОРИУЛАВ.
1. ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ТОВЧ ТҮҮХ
1920-1930 оны аялгуут жүжгийн хөгжим ардын дуу, харилцаа дуу, туульсаас эх үүсвэртэй. Энэ бүгд нь цаашид хөгжимт драм, дуурийн урлагийн язгуур махбод болсон түүхтэй.
Монголд мэргэжлийн найрал дууны хамтлаг байгуулагдсан явдлыг Улсын төв театрын хөгжлийн явцтай холбож үздэг байна.
Монголд үндэсний соёл урлагийг хөгжүүлэх зорилтын хүрээнд 1931 онд Улсын төв театрыг байгуулж, тэр үеийн алдартнууд драмын жүжигчид, авьяас билгээ дайчлан найрал дуунуудыг дуулж жүжиглэж байлаа. Улсын төв театрыг байгуулсан нь манай урлаг соёлын нэгэн том төв болж мэргэжлийн жүжигчид, зохиолчид, найруулагчид өсч өндийх үндсэн нөхцөл бүрэлдэж Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ш.Аюуш, М,Ядамсүрэн, Д.Намдаг нарын авьяаслаг жүжгийн зохиолчид төрөн гарч, театрын уран сайхныг шинэ шатанд дэвшүүлсэн байжээ.
Ш. Аюуш “Харц Дамдин ба хатан Долгор”, Л.Намсрай “Өргөмөл сувд”, “Сохор чавганц” аялгуут жүжиг, Д.Намдаг “Шинэ зам”, “Шарай голын гурван хаан”, Э.Оюун “Гайхамшигт лимбэ”, Ц.Цэдэнжав “Мандхай цэцэн хатан” зэрэг хөгжимт жүжгүүд бичигджээ.
1942 онд Улсын төв театрт уригдан ирсэн зөвлөлтийн мэргэжилтэн найрал дууны багш Ф.И.Клейшко театрын дуучид болон жүжиг ангийнхныг хамруулан хөгжмийн онол, дуулах арга зүй, найрал дууны хичээл ордог байжээ. Түүнийг театрт ирэхэд дуу хөгжмийн анги нэг байсан ба найрал дууны анги бие дааж салаагүй байсан байна. Ф.И.Клейшко найрал дууны анги байгуулах санал дэвшүүлж, урлагийн хэргийг эрхлэх газраар дэмжүүлэн улмаар МАХН-н ТХ-ны Улс төрийн товчоонд оруулан 1947 онд тогтоол гаргуулжээ.
Ж.Дорждавга, Д.Долгоржав, Л.Цогзолмаа, Г.Батсүх, Х.Доёддорж, Д.Янжинлхам, .Сүрэнхорлоо, В.Долгор, С.Цэцгээ, Д.Баатар, О.Даваадорж зэрэг дуучид найрал дууны ангийн анхдагчид болж, 1947 оны 4-р сард албан ёсоор мэргэжлийн найрал дууны анги 20 гаруй хүний бүрэлдхүүнтэй байгуулагджээ. Улсын төв театрт хөгжим, бүжиг, найрал дууны анги байгуулагдсан нь хожмоо Улсын дуурь бүжгийн театр байгуулагдахын үндэс суурь, тулгын гурван чулуу болсон байна.
1943 онд Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг дуурийн хэлбэрт оруулан шинэчлэн хөгжмийг Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар бичиж, А.Рабинович найруулж 40 гаруй жүжигчид тоглодог болгож олны хэсэгт найрал дуучдыг оруулж ирсэн нь орчин цагийн мэргэжлийн найрал дуучдын үндэс суурь болсон түүхтэй. Театрын найрал дуучдын анхны дан найрал дууны бүтээлүүд нь МАД “Жонон гүний унага”, “Найман сар”, Ж.Дорждавга, Ф.И.Клейшко нарын найруулга “Цуурай”, Украйн ардын дуу “Бандуур” зэрэг байв.
2. ДУУЛСАН БҮТЭЭЛҮҮД, ОЛОН УЛСЫН ТОГЛОЛТ, ШАГНАЛ
Өнөөгийн найрал дууны анги дээд боловсролтой шинэ залуу боловсон хүчнээр бүрэн хангагдсанаар дэлхийн сонгодог болон үндэсний 60 гаруй дуурь, Л.Бетховен “IX симфони” Г.Свиридов ”Оргилуун магтуу”, Дж. Верди “Реквием”, К.Орф “Кармина бурана” зэрэг дэлхийн сор болсон найрал дууны бүтээл, 500 орчим найрал дуунуудыг дуулж, БНАСАУ “Хаврын баяр”, БНХАУ Гуанжу, 2005, 2007 онуудад Франц Нэнси хотод болсон олон улсын найрал дууны наадам, ОХУ-ын Улаан-Үд хотноо “Байкальский” фестиваль, Солонгос улсад 40 найрал дуучдын бүрэлдэхүүнээр Дж .Верди “Кармен” дуурь тоглосон зэрэг гадаад дотоодын найрал дууны наадмууд, тоглолтонд амжилттай оролцсон. Үүнээс гадна найрал дууны ангиас "поп- опера” чиглэлээр дуулдаг “Нюанс”, “Бельканто”, “Ю-Пера”, “Вертуоза”, “Консонанс” хамтлагууд төрөн гарч сонгодог урлагийг нийтийн хүртээл болгоход хувь нэмэрээ оруулж байна.
1951, 1953 оны ДЗО их наадмын Берлин, Бухарестын шагнал, 1983 оны “Алтан намар” хөгжмийн наадмын шилдэг бүтээл, 1999 оны шилдэг “Гоо марал” 2001 он БНХАУ Гуанжу ОУ-н найрал дуучдын наадмын шагнал, 2002 он БНАСАУ “Хаврын баяр” “Алтан цом”, 2005, 2007 онуудад Франц улсын Нэнси хотод олон улсын найрал дуучдын наадмаас “Болор цом” шагнал тус тус хүртжээ.
3. НАЙРАЛ ДУУНААС ТӨРСӨН АЛДАРТНУУД
Найрал дууны хамт олноос Хөдөлмөрийн баатар гурав, Ардын жүжигчин найм, Гавьяат жүжигчин 25, үе үеийн Соёлын Тэргүүний Ажилтан төрөн гарсаар байна.
Манайхаас төрөн гарсан алдартнууд
- Дагвын ЛУВСАНШАРАВ – Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, хормейстер
- Цэвэгжавын ПҮРЭВДОРЖ Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин
- Лувсанжамцын ЦОГЗОЛМАА – Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, дуучин
- Дашийн МЯАСҮРЭНМонгол улсын Ардын жүжигчин Хормейстер
- Данзанваанчигийн УХНААМонгол улсын Ардын жүжигчин дуучин
- Мондооны НОРСОНЖАВ Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хормейстер
- Төмөрийн ЧИМИДДОРЖМонгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хормйстер
- Жагзавын ДОЛГОРЖАВ -Монгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Доржийн ЯНЖИНДУЛАММонгол улсын Гавьяат жүжигчин,дуучин
- Должинсүрэнгийн ДОЛГОРЖАВМонгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Ванчигданзагийн СҮРЭНХОРЛООМонгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Дашбалдангийн ПҮРЭВСҮРЭНМонгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Хандын ДОЁДОРЖМонгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Лхагвагийн ЭРДЭНЭБУЛГАНМонгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуурийн найруулагч, дуучин
- ГОНГОРЫН БАТСҮХМонгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Ванчинсүрэнгийн ОРОСООМонгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Дарьзавын ДАШНЯММонгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Цэвэлийн ДАШНАМЖИЛМонгол улсын Гавьяат жүжигчин дуучин
- Ваанжилын ДОЛГОРМонгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Цэндийн ДАГВАНАМДАЛМонгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Бадамсүрэнгийн ЦЭЦГЭЭМонгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Гэндэндарамын ЭРДЭНЭБАТМонгол улсын Гавьяат жүжигчин дуучин
- Хайчинхүүгийн ҮНЭНХҮҮМонгол улсын Гавьяат жүжигчин,дуучин
- Дамдинжавын ДОЛГОРМАА Монгол улсын Гавьяат жүжигчин, дуучин
- Цэрэнпэлийн ЕРӨӨ Монгол улсын Гавьяат багш, дуучин
- Гомбосүрэнгийн ЭНХБАЯР Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хормейстер
МАНАЙ АНГИАС ТӨРӨН ГАРСАН КИНО ОДОД
Сэрэлтийн Сүрэнд – Янжинжав
Гологдсон хүүхэн Долингорт – Норсонжав /МУУГЗ/
Сүхбаатар Жанжинд – Ц.Дашнамжил /МУГЖ/
Морьтой ч болоосой Гончигт– Г.Батсүх /МУГЖ/
Хатанбаатар Магсаржав – Л.Эрдэнэбулган / МУУГЗ, Найруулагч, Дуучин/
Манай аялгуу Бадралд –Ц. Давганамдал /МУГЖ/
Ардын элч Дарьбазарт – Занабазар
Тунгалаг тамир Солонгод – Жавзмаа
Тунгалаг тамир – Ю.Очир
Палам, Г.Пүрэвсүрэн, Л.Баярсайхан, Д.Энхбилэг, Г.Тулга гэх мэтчилэн дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн олон найрал дуучин жүжигчид байна.
Бид Монголын мэргэжлийн “Найрал дуу” үүсэн байгуулагдсаны түүхт 70-н жилийн ойн арга хэмжээндээ зориулан тус ангиас төрөн гарсан алдартангууд, хормейстрүүд, ахмад уран бүтээлчдийн дурсамж түүх намтар ховор нандин гэрэл зургуудыг агуулсан ном гаргаж байна.
Мөн үе үеийн найрал дуучдын дуулсан маш ховор уран бүтээлүүдийн бичлэг, концертуудаас бүрдсэн DVD цомог гаргахаар бэлтгэлээ.
Түүхт ойн арга хэмжээ нь 2017 оны тавдугаар сарын 6-д Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриар эхлэж байна. Энэ тоглолт нь найрал дууны ангийн үе үеийн алдартангууд, ахмадууд тус ангиас ажил амьдралынхаа гарааг эхлүүлсэн гоцлол дуучид ба одоо ажиллаж байгаа найрал дуучид оролцон тоглож байгаагаараа онцлог юм. Тодруулбал, Ардын жүжигчин Д.Ухнаа, Гавьяат жүжигчин Ө.Уянга, “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдааны тэргүүн байрын шагналт МУСТА .Батцэнгэл, МУСТА Хишигбаяр, Нюанс хамтлагийн уран бүтээлчид гэх мэтчилэн багтсан.
Мөн тавдугаар сарын 14-д “Гранд Мелоди” нэртэй хүндэтгэлийн гала концерт тоглогдоно. Уг тоглолтонд ДБЭТ-т ажиллаж байсан үе үеийн хормейстрүүд болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын дан найрал дууны бүтээлүүдээс дээжлэн дуулж хүндэтгэл үзүүлж байгаа. Эдгээрээс гадна дэлхийн сор болсон найрал дууны бүтээлүүд болох Карл Орф “Кармина Бурано” магтуу, Дж.Верди “Аида” дуурийн “Глориа” гранд хор зэрэг томоохон бүтээлүүдээс гадна энэхүү ойн баяртаа зориулаж шинэ уран бүтээл болгож Сергей Прокофьев “Александр Невский” магтууг найрал дуу, оркестрын хамтарсан томоохон бүтээлийг ДБЭТ-ын найрал дуучид, найрал хөгжимчид, ХБК-ын оюутны найрал дуучидтай хамтран Монголд анх удаа дуулж сонгодог урлаг сонирхогчид, үзэгч ард түмэндээ бэлэг барьж байна.
УДБЭТЕАТРЫН НАЙРАЛ ДУУНЫ АНГИ