МОНГОЛ УЛСАД МЭРГЭЖЛИЙН НАЙРАЛ ДУУ ҮҮСЧ ХӨГЖСНИЙ 70 ЖИЛД ЗОРИУЛАВ.
Улс гүрэн болгон хүндэтгэн дурсдаг, хайрладаг, бахархдаг үндэсний баатаруудтай. Тэдний нэр алдар нь жилээс жилд улам үнэлэгдэн хурцаар гэрэлтсээр ирсэн. Александр Невский буюу Новогородын хаан Александр Ярославич Орос гүрэнд зүй ёсоор энэ хүндэтгэл бахархалыг хүлээх үндэсний баатар нь юм. Түүний олон дайнд байгуулсан баатарлаг ялалтаар нь ард түмэн нь түүнд Ярословичийг-Невский болгон хүндэтгэж Александр Невский хэмээн өргөмжилсөн түүхтэй.
Оросын түүхч О.Тихомиров “1242 оны хаврын “Чукот” нуур дээрхи цус асгаруулсан хэтэрхий хүчирхэг тулааны хамгийн халуун цэгт нь Александр Невский хаан өөрөө хошуучилан орж гал бадаруулсан нь нуурын мөсөнд хүртэл халуун байлаа” гэж бичсэн байдаг.
Түүхэн домогт ардын баатар Александр Невскийн тухай урлагийн олон төрлөөр бүтээлүүд туурвигдсанаас Оросын алдарт кино найруулагч С.Эйзенштэйний “Александр Невский” гэдэг түүхэн сэдэвт кино 1938 онд дэлгэцнээ гарч дэлхийг шуугиулсан юмаа. Энэхүү бүтээлдээ найруулагч хөгжмийн чимэглэл, тодосголыг илүүтэй анхаарч Орос-Зөвлөлтийн хөгжмийн их зохиолч Оросын ардын жүжигчин, Лениний шагналт, Сталины 6 удаагийн шагналт Сергей Прокофьевт санал тавьсанаар хамтран ажиллаж хөгжмөөр бараг кино зураг мэт дүрслэж чадсан киноны гайхамшигт хөгжмөөсөө бие даасан хөгжмийн бүтээл гаргах саналыг С.Эйзенштейн хөгжмийн зохиолчид тавьсан байдаг.
1938 онд С.Прокофьев найрал дуучид, эмэгтэй цөлдөн хоолой, симфони найрал хөгжимд зориулсан 7 ангитай магтуу (кантат) туурвижээ.
Энэхүү бүтээл нь Оросоор зогсохгүй дэлхийн хөгжмийн сонорыг дэлдэн, чихийг онгойлгож тэр даруйдаа өрнө дорноор түгсэн байна.
Сергей Прокофьев 1891-1953 онд амьдарч байсан Орос-Зөвлөлтийн хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч, онолч хүн юм. Түүний бага нас Оросын тосгоны амьдралд өнгөрсөн ч төгөлдөр хуурч эхийн, нөлөө бүхий эцгийн дэмжлэгтэйгээр хөгжмийн авъяас билэг нь эрт тодорч 5 насандаа анх жижгэвтэр зохиолоо төгөлдөр хуурт зориулан зохиож улмаар Оросын болон өрнийн соёлтой эрт танилцан, эрт нүдээ нээсэн Оросын томоохон сэхээтэн байв.
Тэрээр дуурь, симфони, балет, ялгуулсан дуулал (аротори), магтуу (кантат), хийл, төгөлдөр хуур, морин хийлд зориулсан концертууд зэрэг хөгжмийн бүх төрлөөр олон арван бүтээл туурвисан нь өнөөдөр ч гэсэн дэлхийн хөгжмийн ертөнцийг бишрүүлсээр байна.
“Александр Невский” хэмээх магтуу нь хөгжмийн зохиолчийн түүхэн баатарлаг туульсийн бүтээлийг зохиох үлгэрчлэл болсоноороо онцгой байрыг эзэлдэг. Энэ магтууг сонсоход дайсаны халдан довтлох түрэмгий довтолгоо, Оросын ард түмний эх оронч бослого, тэмцэл, амь эрсдсэн хүчирхэг тулаан, баатарлагаар тэмцэн үрэгдэгсдийнхээ төлөөх элэг эмтлэм харуусал, уй гашуу, ялалтыг эх орон, ард түмэн алдаршуулан дуулах бахархалыг хөгжмөөр уран зураг мэт дүрслэсэн нь чихнээ бууж нүднээ дүрслэгдэх нь гайхалтай.
“Александр Невский” магтуу нь 7 ангитай найрал дуу, гоцлол дуучин, симфони найрал хөгжимд зориулсан томоохон бүтээл юмаа.
I анги. “Монголын дарлал доорхи Орос”
Бат хааны довтолгоонд сүйрсэн Оросын гунигт түүхээр энэхүү магтуу эхлэдэг.
II анги. “Александр Невскийн тухай дуу”
Дайнаас түр амсхийсэн Оросын ард түмний дуулал.
III анги. “Псковт загалмайтнууд”
Дахиад л загалмайтнуудын дайнд өртсөн Орос орон.
IV анги. “Босцгоо Оросын ард түмэн”
Эх нутаг, газар шорооныхоо төлөө тэмцэлд уриалсан дуудлага.
V анги. Мөсөн дээрхи тулаан
“Чукот” нуурын мөсөн дээрхи хамгийн хүчирхэг олон зуун дайчдын амь эрсдсэн нүсэр тулаан нь нуурын мөсөнд ч халуун байлаа.
VI анги. “Амьгүй тал” эх нутаг, элгэн саданыхаа төлөө амь эрсдсэн, Орос эр хүнээ хайрлан харамссан эмэгтэйн гунигт дуулал.
VII анги. “Александр Псковт ирсэн нь”
Агуу их ялалтыг бахдан дуулах Оросын баатарлаг ард түмний бахархал “Төрөлх Орос оронд минь дайсан бүү халдаг” бид хүчирхэг гэсэн омогшил бахархалаар энэхүү магтуу сүрлэг төгсөнө.
Орос ардын нэгэн зүйр үгчлэн оройтсон ч гэсэн энэхүү томоохон бүтээлийг чадал заан бид та бүхний сонорт хүргэхээр зоригловой.
Зориглохын учир нь 70 нас хүрсэн манай найрал дуучид, 60 гаруй жил хөгжсөн манай сонгодог урлаг ийм л бүтээлд хүч сориуштай.
УДБЭТЕАТРЫН ЕРӨНХИЙ УДИРДААЧ, МУУГЗ Ж.БҮРЭНБЭХ