Оюутанд төрөөс тэтгэлэг олгох талаар ярьж эхэлсний дараа Их, дээд сургуулийн удирдлагууд төлбөрөө нэмэх болсон талаар ярьж байна. Төлбөр нэмэх гэж буй талаар БСШУЯ-наас ажлын хэсэг, Монголын Оюутны холбоо нягталж, үндэслэлийг нь тодруулдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд сургалтын төлбөр огцом нэмэгдсээр байгаа билээ. Энэ жилийн хувьд их, дээд сургуулийн сургалтын төлбөр 20-30 хувиар нэмэгдэж магадгүй байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын их сургууль сургалтын төлбөрөө 30 хувиар нэмэхээ аль хэдийнэ зарлаад байгаа юм. Мөн Хөдөө аж ахуйн их сургууль 25 орчим хувиар нэмэхээр болжээ. Хувийн сургуулиуд одоогоор төлбөрөө хэрхэн өсгөхөө тооцож амжаагүй байгаа бололтой. Ямар ч мэдээлэлгүй байна. Энэ бүхэнд үндэслэн БСШУЯ-наас сургалтын төлбөрийг инфляцийн түвшинд тулгуурлан хэдэн хувиар нэмэхээ шийдвэл зохино гэсэн зөвлөмжийг тараагаад байгаа билээ.
Иргэдийн зүгээс сургалтын болон дотуур байрны төлбөрийг нэмж, төрийн сангийн зээлээр суралцах боломжийг хаах юм бол 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах нь тийм ч чухал биш хэмээж байна. Уг 70 мянган төгрөгийн тэтгэлгийн хувьд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулиар хэдийнэ баталгаажаад байгаа юм. Ирэх оноос энэ мөнгө эзэддээ хүрнэ.
Оюутны дотуур байрны үнэ 15 хүртэл хувиар нэмэгдэх нь гэх мэдээлэл байна. Энэ талаар харьяа яамнаас нь тодруулахад “Яг 15 хувь гэж хэлэхэд хараахан эрт байна. Гэхдээ тодорхой хувиар нэмэгдэх байх” хэмээсэн. Ямар ч байсан энэ жил хувийн хэвшлийн сургуулиудын 72 хувь нь оюутны дотуур байргүй, Төрийн өмчийн сургуулийн дотуур байр хүрэлцээгүй хэвээр байх нь.Энэ дагуу МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлээс тодрууллаа.
-Дотуур байрны хүрэлцээ урьдын адил байгаа гэж ойлгож байгаа. Харин 15 хувь хүртэл үнийг нь нэмэх нь гэсэн мэдээлэл байна?
-Шууд 15 хувь гэж хэлэхэд эрт байна. Тийм саналууд ирсэн нь бий. Гэхдээ төрийн өмчийн сургуулиудын дотуур байрны хувьд үнээ нэмэхээс аргагүй болж буй шалтгаанууд байгаа юм билээ. Жил, жилийн дунджаас харахад засвар үйлчилгээний хөлс, материалын зардал улам өсөж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд төлбөр нь нэмэгдэх болов уу.
-Гэхдээ дотуур байрны төлбөрийг ч сургалтын төлбөрийг ч нэмэхгүй байх, нэмлээ гэхэд бага хувиар нэмэх бололцоо байгаа биз дээ?
-Байлгүй яахав. Одоогоор сургуулиуд төлбөрөө нэмэх талаар бүрэн шийдэлд хүрээгүй байгаа. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэх асуудлаар хуралдлаа гэхэд МОХ-ны зүгээс оролцох болно. Төлбөрийг нэмэхдээ эдийн засгийн хувьд инфляцийн өсөлттэй уялдуулж бодох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Одоохондоо ийм л байна.
-Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Одоо ямар ажилд анхаарлаа хандуулж байна вэ?
-Мэдээж эхний ээлжинд нийтийн тээврээр зорчих оюутнуудын хөнгөлөлттэй зорчих боломж, үүнтэй холбоотой үнэ, тарифийн талаар нэгдсэн шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Мөн хөдөө орон нутгаас оюутнууд эхнээсээ орж ирж байна. Тэднийг ядаж дотуур байранд боломжоор нь оруулъя гэсэн үндсэн үүрэгт ажлуудаа хийж эхэлсэн.
"Улс төрийн тойм" сонин