УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдрийн байдлаар хуучин өрөөндөө байрлаж, ажлаа явуулж байна.
УИХ-ын Тамгын газраас өрөөгөө суллаж өгөх хүсэлтийг тавьсанд тэрбээр “Ямар өрөөнд оруулахаа хэлээгүй, мөн МАХН-ын төлөө саналаа өгсөн 140 мянган гишүүний төлөөллийг бие даагчийн нэгэн адил үзсэн нь зүйд нийцэхгүй” хэмээн үзэж, өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдын өрөөний ойролцоох коридорт ширээ тавин суусан.
Харин УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзаж, энэ үйлдлээ зогсоох хүсэлт тавьснаар хуучин өрөөндөө эргэж ирсэн байна. Гэхдээ тэрбээр түр байршиж байна гэх хариулт өгсөн юм.
Мөн өчигдөр нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл олгох хүсэлт илгээсэн. Өнөөдөр хүсэлтийнхээ талаар лавлахад “Нийслэлийн Засаг даргад таны хүсэлт ирсэн. Зөвшөөрөл олгох эсэх асуудлаар шийдвэрээ гаргаагүй байна” гэх хариулт өгчээ.
Гэр барих зөвшөөрөл олговол тэнд ажил хэргээ явуулна гэж тайлбарлаж буй.
Онцлоход, УИХ-ын Тамгын газраас О.Баасанхүү гишүүнийг 111 дугаартай өрөөнд оруулахаар зохицуулалт хийсэн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өөрийнх нь тайлбарлаж буйгаар тус өрөөнд суудаг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга “Өрөөгөө өөрчлөхгүй” гэх хариулт өгсөн тул хуучин өрөөндөө түр хугацаагаар байрлаж байна” гэж тайлбарласан юм.
Г.ДАРЬ