G20 дэлхийн эдийн засаг ямар байгааг шалгах ёстой

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

G20 дэлхийн эдийн засаг ямар байгааг шалгах ёстой

Канадын сангийн сайд Жим Флагерти “Дэлхийд эдийн засаг болон аж үйлдвэрийн хөгжлөөрөө тэргүүлдэг хорин гүрэн дэлхийн эдийн засаг ямар байдалд байгааг шинжлэх ажиллагааг явуулах ёстой” гэж өнгөрөгч лхагва гаригт мэдэгдлээ. Ийм шинжилгээг хийх нь Европ болон АНУ-д үүсээд байгаа өрийн асуудал дэлхийн эдийн засагт яг ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг яг таг тогтооход дөхөм болно” гэж Канад улс үзэж байгаа ажээ. “Бид хожимдохоосоо өмнө ямар нэгэн тоймтой судалгааг хийж ямар хөтөлбөрөөр үүнийг багасгах вэ гэдгийг шийдэх ёстой. Үүнд G20-ийн хийх дэлхийн эдийн засгийн нэгдсэн судалгаа чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж Канадын сангийн сайд онцолсон байна. Түүнийг энэ мэдэгдлээ хийгээд байх цаг мөчид дэлхийн үйлчилгээний салбар уналтад орж байгааг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн дуугаар мэдээлж байв. Мөн Испани, Италийн эдийн засаг ганхаж, дэлхийн хөрөнгийн зах зээлд хүчтэй өөрчлөлтүүд мэдэгдэж байгаа нь нэгэнт тодорхой байгаа билээ. АНУ бол Канадын худалдааны хамгийн том түнш бөгөөд АНУ-д үүсээд байгаа өрийн хямрал Канад улсад хүндээр тусч болохыг дэлхийн эдийн засагчид мэдэгдээд байгаа юм.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж