НҮБ болон хүний эрхийг хамгаалах байгууллага, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран Сирид мөргөлдөөнөөс болж хэдэн хүн нас барсныг тогтоохоор судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс харвал үнэхээр гамшгийн байдалтай байгаа нь нотлогджээ. Өдөр өнжихгүй “Олон хүн нас барлаа” гэх мэдээлэл цацагдсан байгаа нь өнгөрсөн лхагва гарагт хуралдсан НҮБ-ын анхаарлын төвд орсон юм. НҮБ-ын энхийг сахиулах албаны дэд командлагчийн хэвлэлийн төлөөлөгч “НҮБ Сирийн талаар нухацтай авч хэлэлцлээ. Нийт 3200 гаруй хүн амь үрэгдэж, 12640 хүн ямар нэгэн байдлаар шархадсан гэсэн судалгаа биднийг цочирдууллаа. Ямартай ч нөхцөл байдал ийм болсонд бид Сирийн ард түмнээс хүлцэл өчье. Учир нь бид маш их хугацаа алдсан” гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Бид өмнө нь Ливид хэтэрхий их анхаарал хандуулж байж. Өнөө маргаашийн дотор Сирид хүний эрхийг хамгаалах, энхийг сахиулах цэргийг илгээх тал дээр дахин авч хэлэлцэнэ. Энэ тал дээр онцгой анхаарна” гэсэн юм. Сирид манай цагаар лхагва гаргаас пүрэв гарагт шилжих шөнө тус улсын армийн хуягт танкууд болон босогчдын хооронд ширүүн мөргөлдөөн болж 45 хүний аминд хүрсэн талаар CNN агентлаг мэдээлжээ. Хамгийн гол нь Сирийн эрх баригчид энэ үйлдлээ “Маш олон босогч, тэсрэх бодистой, хагас зэвсэглэсэн ирж байсан. Бид гурван удаа анхааруулга өгсөн боловч тэд гал нээснээр 45 хүний амь нас хохирлоо” гэсэн юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Энтуан Харрисон уг асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Хэрэв ард түмэн Засгийн газраас болон төрийн зүгээс ямар нэг зүйл хүсэж, шаардаж байгаа бол тэрнийг нь өгөх л үүрэгтэй. Улс орон гэдэг эцсийн дүндээ ард түмний эрх ашгийг хамгаалах эцэг нь юм. Сирийн хувьд заавал НҮБ-ын энхийг сахиулах цэргүүдийг эх орондоо оруулж, асуудлыг хүндрүүлэх шаардлага байхгүй” гэсэн нь ОХУ болон БНХАУ-ын НҮБ дахь төлөөлөгчдийн дургүйцлийг хүргэсэн талаар “Reuters” агентлаг мэдээлэв. “НҮБ-ын зүгээс Ливийн асуудлыг Сиритэй холбож хэрхэвч болохгүй гэсэн үүднээс Сирид цэрэг илгээх тал дээр нухацтай хандах ёстой” гэсэн байр суурьтай байгаа аж.
Мөн “Associated Press” агентлагийн сурвалжлагч Эдди Гилберт Сири улсаас мэдээлсэн байна. Тэрбээр “Сирид яг одооний байдлаар нөхцөл байдал тун хүнд байна. Хүмүүс хаана байгаагаа ойлгохгүй харсан зүгтээ гүйлдэж байна. Уржигдраас эхэлсэн жагсагчдын эсэргүүцэл томоохон цар хүрээтэй болж байна. Хүмүүсийн ярьж байгаагаар энд “Сирийн эрх баригчидын эсрэг ард түмэн байлдаж байна” гэсэн мэдээлэл байна. Харин эрх баригчид танкаар зэвсэглэсэн цэргүүд илгээж 45 хүний аминд хүрсэн нь ард түмний уур уцаарыг ихээхэн хүргэжээ” хэмээн Сирийн Хама хотоос мэдээлжээ.
Хүний эрхийг хамгаалах “Амнести интернэшнл” байгууллагын шинжээчид нийт амь үрэгдсэн хүмүүсийн тоог анх дуулаад “Маш их гайхаж байна. НҮБ энэ талаар мэдээлэлтэй байсаар байж яагаад одоо л нэг анахааралдаа авч байгаа юм бэ” хэмээн шүүмжилсэн талаар “The Times” онцолжээ.
Ливид ганц хүний ноёрхол давамгайлж байгаа бол Сирид Ерөнхийлөгчөөс гадна гүйцэтгэх засаглалын олон хүн ард түмний эсрэг зогсож байгаа нь гол ялгаа юм. Ямартай ч НҮБ-ын зүгээс цэрэг оруулах болсон талаар тодорхой мэдэгдэл хийсэнгүй. Энэ асуудал дээр нухацтай авч хэлэлцэх болсон талаар хэвлэлийн төлөөлөгчид олон нийтэд мэдэгдсэн билээ.
"Улс төрийн тойм" сонин