Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр /2017.04.25/ 14.00 цагт 68%-ийн эрцтэйгээр хуралдлаа. Хурлаар аймгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Түр байршуулах байрны менежментийн асуудал, Багшийн хөгжил сургалтын хөтөлбөрийн төслийг холбогдох удирдлагууд танилцуулсан юм.
Сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа дотоодын жуулчдын урсгал хөдөлгөөн, эрэлт хэрэгцээ нь аялал жуулчлалын уламжлалт бодлого чиглэлээ эргэн харж, дотоодын жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл хэлбэрээ нэмэгдүүлж, төлбөрт үйлчилгээг бий болгон, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, жуулчдын ая тухтай аюулгүй орчинг бүрдүүлэхэд энэхүү дэд хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа ажээ. Тус дэд хөтөлбөрийг нухацтай сайн дахин боловсруулах шийдвэрийг зөвлөлийн гишүүд гаргасан юм. Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого, зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд орц, хонгил, дулааны худагт хүнд нөхцөлд амьдардаг, гэр, оронгүй тэнэмэл иргэд, харж хандах хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрөөс зайлшгүй анхаарал, халамж шаардлагатай, өөрийн гэсэн орон гэргүй, ажил мэргэжилгүй,18-аас дээш насны зорилтот бүлгийн иргэд, мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсвэл хүчирхийлэлд өртөж болзошгүй хохирогч,түүний хүүхдэд нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх, тэднийг бие даан амьдрах итгэл үнэмшилтэй болгох, амьдрах чадварт сургах,хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, ажлын байртай болгох, нийгэмшүүлэх гол зорилготой Түр байршуулах байрны менежментийн асуудлыг 2017 оны 05 дугаар сарын 01-нд хуралдах аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар танилцуулахаар болсон байна. Суралцагч бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон, ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх, хүүхдийг хөгжүүлдэг багш төлөвшүүлэх, тэргүүн туршлагыг түгээх зорилготой Багшийн хөгжил сургалтын хөтөлбөрийн төслийг дэмжсэнээр энэ өдрийн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өндөрлөсөн юм.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN