Дэлхийн эмэгтэй теннисчдийн чансаа өчигдөр/2017.04.24/ шинэчлэгдэн гарлаа. Энэхүү чансааг АНУ-ын алдарт теннисчин Серена Уильямс тэргүүлсэн байна. Түүний араас Германы А.Кербер, Чехийн Каролина Плишкова, Словакийн Доминика Цибулкова, Румыны Симона Халеп нар бичигджээ. Сонирхолтой нь дэлхийн чансааг дахин тэргүүлж буй Серена Уильямс хөл хүнд болсноо өнгөрөгч долоо хоногт Snapchat-аар анх хуваалцсан. Түүний хэвлэлийн төлөөлөгч үүнийг баталж, “Серена хөл хүнд болсон. Ирэх намар амаржина гэдгийг дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэдээлсэн.
Серена Уильямс өнгөрсөн арванхоёрдугаар сард Reddit-ийг үүсгэн байгуулагч Алексис Оханьянтай сүй тавьснаа зарласан билээ.
Бүх цаг үеийн агуу теннисчдийн нэг энэ жил 35 настай Серена Уильямс “Их дуулга”-д 23 удаа түрүүлснээс гадна олимпийн наадмаас дөрөв /хосын төрөлд гурав, ганцаарчилсанд нэг/ алтан медаль авсан юм.
Ч.БОЛ