Гишүүн хонгилд тухалсан учир

Хуучирсан мэдээ: 2017.04.25-нд нийтлэгдсэн

Гишүүн хонгилд тухалсан учир

Шинэ долоо хоногт саарал ордны ажил дуулиантай эхэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өрөөгөө солих албан бичиг ирж, тэрбээр ихэд “гоморхов”. Гомдлоо УИХ-ын даргад илэрхийлж, түүний өрөөний үүдэнд ширээ сандалтайгаа төвхнөсөн юм. Энэ үеэр ордны хамгаалагч нар “өндөр авч” Төрийн орны гурван давхарт хөл хорио тогтоов. Ингээд ч зогссонгүй эрхэм гишүүн Сүхбаатарын талбай дээр гэр барьж албан ажлаа явуулна хэмээн хотын даргад мэдэгдсэн аж. Гэвч үдийн 16.00 цагийн орчимд тэрбээр бичил суултаа зогсоож, өрөөндөө буцаад орсон юм.

Өмнөх парламентад суудалтай байсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү тав хоног ажилласан билээ. Энэ үедээ эрхэм гишүүн тохилог өрөөнд сэмхэн заларчээ. Ингээд шинэ парламент байгуулагдахад өнөөх өрөөгөө солиогүй аж.

Бүлгийн дарга, намын дарга нар томхон хэмжээтэй өрөөнд суух нь гарцаагүй тулгардаг шаардлага гэхэд болно. Учир нь УИХ-ын гишүүд бүлгийн дарга, намын даргынхаа өрөөнд цуглаж асуудлаа ярилцах шаардлагатай байдаг. Гэтэл туслах, зөвлөхтэйгөө чихэлдсэн умгар өрөөнд хурал цуглаан хийх нь хэр тохиромжтой вэ. Иймээс ордонд байдаг цөөн хэдэн том өрөөнд бүлгийн дарга, намын дарга нарыг суудаг аж. Гэтэл одоо бүлэгч үгүй яваа эрхэм гишүүн энгийн өрөөнд суух нь эндүү явдал гэж үү. Эсвэл өрөөний асуудлаар далимдуулж өөр асуудлаар тэмцэл хийгээд байна уу. Ямартай ч УИХ-ын Тамгын газраас түүнд хаягласан албан бичигт дөрөвдүгээр сарын 25-нд буюу өнөөдөр өрөөг нь шилжүүлэхээр болсныг сануулжээ. Тиймээс түүний саналыг үл харгалзан өнөөдөр өрөөг нь шилжүүлэх аж. Ингэхдээ О.Баасанхүү гишүүний өрөөг Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэд өгөхөөр болсон бол С.Эрдэнийн одоо сууж буй өрөөнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг суулгах шийдвэрийг УИХ-ын Тамгын газраас гаргасан аж. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн шинэ өрөө нь Төрийн ордны нэгдүгээр давхарт байрлалтай бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хоёр жилийн сууж байжээ.

Саарал ордонд өрөөний асуудал байнга тулгардаг гэж хэлж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин хоёр туслахтайгаа “умгар” өрөөнд зэрэгцээд суудаг л байсан. Тэр ч бүү хэл Тамгын газрын хэсэг ажилчид гурван давхрын коридорт ажлаа явуулж байгаа. Тэглээ гээд ажлын өрөөгөө голж шилж, суулт зарлаагүй өдий хүрсэн. Ер нь тэгээд том өрөөнд суугаад ажил сайжрах биш гэж зарим нь ярилцдаг гэнэ лээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж