Нүүрс тойрсон асуудал ба Монгол?

Хуучирсан мэдээ: 2017.04.25-нд нийтлэгдсэн

Нүүрс тойрсон асуудал ба Монгол?

-Ард түмэн сүүлчийнхээ зүсмийг өгцгөөж байна: Монголчууд мөнгө, мал сүргээ эдийн засгаа аврахад зориулж байна-

"Монголчууд эдийн засгаа аврахад бүхнээ зориулж байна" гэсэн гарчигтай нийтлэлийг “РT на русском” сайт нийтэлжээ. Нийтлэл “Монгол бол дэлхийн хамгийн тааварлашгүй, хаалттай эдийн засаг. Нэн шинэ түүхэндээ хүчтэй хямралтай тулгараад байна” гэсэн өгүүлбэрээр эхэлжээ.

Гэрээгээ яг таг хийж сураагүй, хэн нэгэн популист улстөрчийн “зүтгэлээр” эргэж, шарваж байдаг манайх шиг орны бүх үйлдэл гадаадынханд таавар болдог бололтой. Нийтлэлд цааш өгүүлэхдээ “ОУВС-гийн 5,5 тэрбум ам.долларын төлөө Засгийн газар нь хямралтай тэмцэх таван жилийн төлөвлөгөөг боловсруулаад байна. Эрх баригчид нь дэлхийн зээлдүүлэгчээс хариу хүлээж байх зуур монголчууд төсвийн алдагдлаа бууруулахын тулд баян, ядуу гэлтгүй хувийн хадгаламж, үүлдэр угсаа сайтай малаа үл хайрлан хандивлаж байна” гэжээ.

Үүнээс гадна “Засгийн газар нь хямралын эсрэг таван жилийн төлөвлөгөөг яаралтай боловсруулсан ч улсын төлөвлөгөө нь бүрэн хэрэгжиж, ажиллах зуур цаг алдалгүй улс орондоо туслахыг эрх баригчид хүсэн уриаллаа гэж Блюмберг дамжуулсан” юм.

Ийнхүү тус орны нэн шинэ түүхэнд үзэгдээгүй үндэсний арга хэмжээ гараагаа эхлэн одоо 580 сая ам.долларын хэмжээнээс давсан улсын өрийг төлөхөд иргэд нь сайн дураараа мөнгө хөрөнгөө хандивлаж байна гэж гадны сэтгүүлчид бичсэн байх юм.

Тэд “Хамгийн анхны тусламжийг Монголын хүндэт эдийн засагч Б.Осоргарав 100 сая төгрөг, үүлдэр сайтай морь, алтан бөгж хандивлалаа" гэж дурджээ. Түүнийг дагаад Б.Дэлгэрсайхан, Ж.Батзандан нарын депутатууд мөн тэр хэмжээний орчим буюу 40 мянган доллартай тэнцэх хөрөнгөө хандивлав” гэжээ.

“Нутгийн олон ч тэднээс дутахааргүй тусламж үзүүлж байгаа. Гэтэл удалгүй Чингис хааны үр сад бүсээ чангалах хэрэгтэй болно гэж эдийн засагчид сануулж байна. Учир нь, ОУВС-гийн зээлийн улмаас түлш шатахуун, тамхи, архи, суудлын тэрэгний татвар нэмэгдэхээр болж байгаа юм. Мөн эрх баригчид цалин хөлс, нийгмийн халамжийг хасах санаатай байгаа гэнэ. Монголын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат шинэ зээлийг геологи хайгуул, алт, хүдэр, нүүрс олборлолт ба гадны хөрөнгө оруулагчдыг татахад зориулна” гэж мэдэгдлээ гэж “РT на русском” өгүүлжээ. 28 настай цагдаа Алтангэрэлийн Хүрэлбат "одоо хүнд байгаа ч монголчууд сэтгэл өөдрөг байна" хэмээн тус сувагт ярьсан байх юм.

Цааш нь өгүүлэхдээ, өнгөрсөн оны эдийн засгийн хямрал Монголд хүнд туссан. 2011 онд ДНБ-ий өсөлт 17,3 хувь болж, гадны хөрөнгө оруулагчдыг татаж байсан бол өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 1,3 хувь болсныг дурджээ. Гадаадын хөрөнгө оруулагчид гарч байгааг бас онцлов.

Гэхдээ эдийн засаг ямар ч хүнд байсан таван жилийн төлөвлөгөөтэй суугаад байх хэрэггүй нь мэдээж. Сүүлийн 27 жилийн турш л монголчууд бид байгалийн баялагтаа найдаж ирсэн. Малын тоо толгой 70 сая хүрсэн гэхэд тэндээс унах унац гэж нүдэнд харагдсангүй. Гадаад руу экспортолдогоос ч илүү үнээр бид махаа худалдан авч байна. Нүүрс, баялгаа гаргалаа гэхэд хэдхэн хүн л ашиг шимийг нь хүртэж, бусдад нь хусмаа амсуулаад л өнгөрсөн. Бид чинь өнөөдөр эдийн засгийнхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж чадаагүй яваа гэхэд хол зөрөхгүй. Өнгөрсөн оны сонгуулиар улстөрчид болоод намын хөтөлбөрөөс тийм таатай өгүүлбэр олж хараагүй юм. Бид нүүрс, нүүрс л гээд байдаг. Хэчнээн нүүрс урагш ачигдаж, бидэнд ямар ашиг авчирсан эсэх тайлан байгаа гэж үү?

Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний зах зээл ашигтай байна. Ханш өссөн. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп “бохир олборлолтондоо” эргэн орж нүүрсний аж үйлдвэрээ сэргээнэ гэж мэдэгдээд буй. Обамагийн агаарын бохирдлыг бууруулах өндөр зардалтай хөтөлбөрөөс Трамп татгалзсан нь сэргээгдэх эрчим хүчинд 2040 он гэхэд бүрэн шилжинэ гэсэн зорилтыг удаашруулж байгаа хэрэг ч 2018 гэхэд нүүрсний олборлолтыг есөн хувиар буюу 443,4 сая тонн болгон өсгөх юм. Америкчуудын зүгээс нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсэн нь энэ онд нүүрсний үнийг дэлхийн зах зээл дээр 3-5 хувь хүртэл өсгөх магадлалыг нэмэгдүүлж байна.

Мөн саяхан Австралийн дэд бүтцэд ихээхэн хөнөөл учруулсан далайн хар шуурга, Хойд Солонгосоос нүүрс авахгүй болсон Хятадын хориг гэх мэтийн хүчин зүйл өнгөрсөн сард нүүрсийн үнийг өсгөөд өгсөн л дөө. Тэр бүгд нь монголчуудын нүүрсний ханшид нөлөөлөх үү?

Олон улсын эрчим хүчний агентлагийн (International Energy Agency) сүүлийн илтгэлд 2020 он гэхэд дэлхийн нүүрсний хэрэглээ найман хувиар өснө гэжээ. Тэдний шинжээчид дэлхийн түүхий эдийн биржүүдийн худалдааны хөдөлгөөнд тулгуурласан. Тухайлбал, 2016 оны гуравдугаар сараас хойш нүүрсийн фьючерсийн үнэ 29-31 хувиар өсч тонн нүүрсийн үнэ $37,5 – $52,6 доллар болсон нь сүүлийн таван жилийн дээд амжилт болжээ.

Хятад 20 жилийн турш нүүрсний олборлолт ба худалдан авалтаар дэлхийн лидер болж байгаа. Тус орны Эрчим хүчний яамны мэдээгээр 2016 онд Хятадын эрчим хүчний бүтцийн 70 хувь нь нүүрс байв. Хятад үүнээс ойрын хэдэн жилдээ салж чадахгүй биз. Эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаа, дотоодын өрийн асар их хэмжээ зэргийнхээ улмаас Хятад экологийн цэвэр биш гэхдээ хямд нүүрсэнд найдахаас өөр аргагүй байна. Дэлхийн нүүрсний олборлолтын 45 хувь Хятадад, АНУ-д 15 хувь, Энэтхэгт 5,8 хувь нь тус тус ноогдож байгаа юм.

Байдал ийм байгаа ч ирээдүйд бид нүүрснээс татгалзах л ёстой. Монголд сэргээгдэх эрчим хүч, хоол хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг эрчимтэй хөгжүүлж, боловсролдоо нүүрснээс илүүтэй анхаарах цаг ирээд байгаа гэвэл илүүдэхгүй биз ээ. Бид дахиад л хорь, гучин жилийг алдмааргүй байгааг дэлхийн чиг хандлага анхааруулаад байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж