Бүгд Найрамдах Турк Улс жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жил хүүхдийн баярыг “Миний мөрөөдлийн дэлхий” сэдвийн дор өнөөдөр/2017.04.24/ нийслэлийн сургуулиудтай хамтран зохион байгууллаа. Энэхүү баярт М.К.Ататуркийн нэрэмжит Нийслэлийн V сургууль, 61, 111, 122 болон Улаанбаатар дахь Америк, Бритиш сургууль оролцсон юм. Баярын арга хэмжээний үеэр Элчин сайд М.Ахмет Язал сурагчдын хамтаар хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болгож ЭСЯ-ны хашаанд мод суулгалаа. Мөн Элчин сайд уламжлал ёсоор сурагчдыг хүлээн авснаас гадна 61-р сургуулийн 12-р ангийн сурагч П.Халиунаад албан үүргээ хэсэг хугацаанд хүлээлгэн өгч үүрэг даалгаврыг нь сонслоо. Хүүхдийн баярын арга хэмжээ Монголын Хүүхдийн ордонд “Миний мөрөөдлийн дэлхий” сэдэвт гар зургийн үзэсгэлэнгээр үргэлжилсэн юм. Мөн сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг Элчин сайд М.Ахмет болон хүндэт зочид төлөөлөгчид сонирхлоо.
1920 оны 4 сарын 23-нд Туркийн Үндэсний Их хурал анхлан байгуулагдаж, тус улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататурк энэ өдрийг хүүхдийн баяр хэмээн зарлан тунхагласан байдаг. Хожим хойно тус баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэж эхэлжээ.
Ч.БОЛОР