Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмжийг төрөөс өгдөг. Салбараасаа хамаараад 10-36 сар хүртэлх цалингийн дундаж буюу 5-100 сая хүртэлх төгрөгийг төрд 20-25 жил тасралтгүй ажилласныхаа шагнал болгож төрийн жинхэнэ албан хаагчид авч байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-ны өгсөн тооцоогоор 2016 онд нийт 5195 хүн харьяа байгууллагадаа тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргажээ. Тэдэнд нэг удаагийн тэтгэмж өгөхөд нийт 75.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах тооцоог Сангийн яамнаас хийсэн байна. Тооцоог задалбал, аймаг, орон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй 261 хүнд 2.8 тэрбум төгрөг өгнө.
Харин УИХ, яамд агентлагаас 4934 албан хаагч тэтгэврээ тогтоолгож, нийт 73.1 тэрбум төгрөгийг нэг удаагийн тэтгэмж болгон авах юм. Өнгөрсөн онд цэргийн алба, боловсролын салбарт ажилладаг иргэд тэтгэвэртээ гарах өргөдлөө хамгийн ихээр өгснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын мэргэжилтэн Ж.Алтантуяа тодотгосон юм.
Засгийн газар өнгөрсөн намар улсын төсвийн алдагдлыг нөхөх нэг боломж нь төрийн албан хаагчдыг тэтгэвэрт суухад нь олгох нөхөн олговрыг тооцох сарыг багасгах санал гаргасан.
УИХ энэ Засгийн газрын саналыг хүлээж аваагүй ч, энэ мэдээллийг сонссон төрийн албан хаагч тэр дундаа офицерууд олноороо тэтгэвэртээ гарах өргөдлөө өгсөн байдаг.
Жишээлбэл, 2016 оны төгсгөлд Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын 228, он гарсаар 28 албан хаагч тэтгэвэр тогтоолгох өргөдлөө бичжээ.
“Уг нь жилд дунджаар 60-70 хүн тэтгэвэрт гарахаар хүний нөөцдөө ханддаг байсан. Байнгын бэлэн байдалд, хүнд нөхцөлд ажилладаг аврагчдад олгох тэтгэмжийн сарыг багасгана гэсэн сургаар олноороо өргөдлөө өгсөн нь байгууллагад хохиролтой. Туршлагатай офицеруудын халааг хэн авах вэ, залуусыг хэрхэн сургах вэ гээд асуудал олон” хэмээн ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга Л.Болдбаатар ярилаа. Одоогоор өргөдлөө бичээд тэтгэмжээ авахаар дугаарлаж буй хүний тоо 180 орчим болжээ. Өөрөөр тайлбарлавал албан хаагчдыг өргөдлөө бичингүүт нь тэтгэмжийг нь бодож, мөнгийг нь шууд олгодоггүй аж. 2016 онд гэхэд ОБЕГ хоёр тэрбум 500 сая төгрөгийг 87 хүнд тэтгэмж болгон хуваан өгчээ.
Холбогдох хуулийнх нь дагуу төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг 12, 24, 36 сарынх нь цалинг хувьчлан дунджаар бодож олгодог юм. Ингэснээр өнөөдөр авч буй цалингийнхаа хэмжээнээс хамаарч харилцан адилгүй тэтгэмж авч байна.
Жишээлэхэд, цалингаасаа хамаарч аврагч, гал сөнөөгч дунджаар 30 сая төгрөгийн тэтгэмжийг тэтгэвэртээ суухдаа авдаг бол шүүгч дунджаар 91 сая төгрөгийг төрд тасралтгүй 25 жилийн ажилласны урамшуулал болгон авч байна. Нэг жилд 8-9 шүүгч тэтгэвэртээ гардаг юм. 2014 онд 11, 2015 онд зургаа, 2016 онд 16 хүн тэтгэвэртээ суужээ. 2017 онд тэтгэврийн нас нь хүрсэн 11 хүн бий гэнэ. Гэхдээ одоогоор ажлаа өгсөн хүн алга. Зөвхөн цэргийн салбар ч гэлтгүй 2016 онд тэтгэврээ тогтоолгох иргэдийн тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн гэдгийг төгсгөлд нь сануулъя. Ингэж албан хаагчид олноороо суувал тэднийг залгах залуу боловсон хүчиндээ давхар анхаарах шаардлагатай юм.
Зураглаач Э.ЭНХБАТ, Н.БАТМӨНХ