Эдийн засгийн хүндрэлтэй байсан хэдий ч ОХУ-ын батлан хамгаалахын зардал өнгөрсөн 2016 онд 5,9 хувиар өслөө хэмээн Дэлхий нийтийн зөрчилт асуудлыг судлах Стокгольмын хүрээлэн мэдээллээ.
Украин болон Крымын асуудлаас үүдэн ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг, мөн тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох газрын тосны үнэ өнгөрсөн онд огцом унаснаас шалтгаалан ОХУ-ын эдийн засаг хүнд үедээ байгаа юм.
ОХУ-ын батлан хамгаалах зардал 5,9 хувиар өсч 69,2 тэрбум ам.доллар болсон бөгөөд ингэснээр батлан хамгаалах зардал өндөртэй улс орны жагсаалтад гуравдугаарт бичигдэж байгааг Дэлхий нийтийн зөрчилт асуудлыг судлах Стокгольмын хүрээлэнгээс гаргадаг ээлжит тайланд өгүүлжээ.
ОХУ-ын өмнө АНУ, БНХАУ байгаа юм. АНУ болон Хятадын батлан хамгаалах зардал өнгөрсөн онд мөн өссөн байна. Тухайлбал, АНУ-ынх 1,7 хувиар өсч 611 тэрбум, Хятадынх 5,4 хувиар өсч 215 тэрбум ам.долларт хүрчээ.
Дэлхий нийтээр авч үзвэл улс орнууд батлан хамгаалах зардалд нийтдээ 1686 тэрбум ам.долларыг өнгөрсөн онд зарцуулсан нь дэлхийн ДНБ-ий 2,2 хувь болжээ.
Харин Саудын Араб, Венесуэл, Өмнөд Судан, Азербайжан, Ирак зэрэг улс энэ чиглэлийн зардлаа 30-50 хувиар бууруулсаныг тайланд онцолсон байна.
А.ТУЛГА