Заавал мэдэж авах Зөрчлийн хуулийн заалт

Хуучирсан мэдээ: 2017.04.25-нд нийтлэгдсэн

Зөрчлийн хууль

Заавал мэдэж авах Зөрчлийн хуулийн заалт

Заавал мэдэж авах Зөрчлийн хуулийн заалт

Ихэнх томоохон арилжааны телевизүүд өнөөдөр эфирээ түр хааж, "Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" гэсэн сануулгыг эрх баригчдад өглөө. Энэ нь УИХ-аар хэлэлцэж буй Зөрчлийн тухай хуультай холбоотой юм.

Зөрчлийн тухай анхны хэлэлцүүлэг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгдэхээр товлогдсон. Энэ дагуу өчигдөр /2017.04.25/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэгт чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх чиг өгсөн юм.

Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсэргүүцэлтэй тулгарч, иргэдийг бухимдуулаад буй ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ-д тусгагдсан, амьдралд шууд хэрэглэгдэх, иргэдийн зайлшгүй мэдэх шаардлагатай зарим заалтуудыг танилцуулж байна. Гэхдээ хуулийн төсөл нь одоогоор албан ёсны хууль болж батлагдаагүй байгааг сануулъя.

ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ИРГЭН ТАНД ХҮЛЭЭЛГЭХ ЗААЛТУУД

  • Хэрэв Ц.Гарамжав гишүүний гаргасан гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын санал гишүүдийн дэмжлэгийг хүлээвэл хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох заалт хэрэгжих боломжтой болно/.
  • Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 300.000 төгрөгөөр торгоно.
  • Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг 10.000 төгрөгөөр торгоно гэж тусгажээ.
  • Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг 25.000 төгрөгөөр торгоно.
  • Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 50.000 төгрөгөөр торгоно.
  • Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол иргэнийг 100.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно.
  • Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол иргэнийг 2.000.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 20.000.000 төгрөгөөр торгоно.
  • Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.500.000 төгрөгөөр торгоно.
  • Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500.000 төгрөгөөр торгоно.
  • Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500.000 төгрөгөөр торгоно
  • Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хүнийг 1.000.000 төгрөгөөр торгоно.
  • Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасч, хүнийг 200.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.000.000 төгрөгөөр торгоно.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж