-Ажлын хэсгийнхэн тухайн намын бүлэгтээ хандах нь зүйн хэрэг. Харин намын бүлэг нь Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг баримтлах учиртай. Түүнээс биш бүлэг, нам гэж зааглах нь утгагүй л дээ. Намуудын дарга нарын тухайд, тэд улс төрийн хүчнээ төлөөлөх бүрэн эрхтэй субъект шүү дээ. Юу нь болохгүй гэж.
С.ЭРДЭНЭ: ТОЙРГУУДЫГ ӨМЧИЛСӨН ХҮМҮҮСИЙНЭРХ АШИГТ Л ҮЙЛЧЛЭЭД БАЙНА
-Манай намынхан “Сонгуулийн тогтолцоог 50:26 болгон өөрчилье” гэсэн санал дэвшүүлж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн намаас нэр дэвшигчдийн 50 нь пропорциональ буюу намуудын нэрсийн жагсаалтаар, үлдсэн нь мажоритари тогтолцоогоор нэр дэвших хувилбар л даа. Ингэснээр дээрх 50 нэр дэвшигч жалга, довны төлөөлөл болох биш, нийтлэг эрх ашгийг илэрхийлэх учиртай. Харин 26 нь тухайн орон нутгийг төрд төлөөлөх байлаа. Гэвч манай намынхан энэ талаар Ардын намынхантай санал зөрөлдсөн. Эцэст нь бид 38:38 хэмээх хувилбарыг дэвшүүлсэн ч Ардын намынхан 52:24 гэсэн хувилбараа өөрчлөхийг хүсээгүй. Ер нь тэд тойргуудыг өмчилсөн хүмүүсийн эрх ашигт л үйлчлээд байна уу даа. Тогтолцооноос гадна хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Учир нь “Царцааны нүүдэл” гэгддэг хэсэг бүлэг хүмүүс сонгуулиар мөнгө олох зорилгоор энд, тэнд очиж, санал өгдөг болчихсон шүү дээ.
С.ОЮУН: ЭНЭ БОЛ НАМУУДЫН ДАРГА НАРЫН ШИЙДЭХ ЗҮЙЛ БИШ
-Сонгуулийн тогтолцоог шинэчлэхдээ намуудын дарга нарын биш, олон нийтийн санал бодлыг сонсох хэрэгтэй. Тэгээд ч сонгуулийн төгс тогтолцоо гэж байдаггүй юм. Энэ нь тухайн улс орны улс төр, нийгмийн төлөвшилтэй холбоотой. Түүнээс биш сонгуулийг мажоритари, пропорциональ, аль эсвэл холимгоор явуулахыг намуудын дарга нар ч шийддэг юм биш. Гэхдээ хаврын чуулган завсарлах үед “Сонгуулийн тогтолцоог мажоритари давамгайлсан хэлбэрээр шинэчлэх нь” гэх байдал ажиглагдсан. Хамгийн гол нь мөнгөтэй холбоотой асуудлуудыг цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол УИХ-ын сонгууль мөнгө, хөрөнгөтэй эрчүүдийн тоглоом болон хувирлаа.
Ц.ШИНЭБАЯР: НАМЫН БҮЛЭГТ ТАНИЛЦУУЛАХ НЬ БУРУУ
-УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхний санал, дүгнэлтийг аль нэг намын бүлэг, Удирдах зөвлөлд танилцуулах нь буруу. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд ингэж халдаж болохгүй. Сонгуулийн тухай хуулиа яаралтай шинэчлэхгүй бол улс орны амин чухал асуудлууд орхигдож байна. Намуудын дарга нарын тохиролцоо гэхээс илүү сонгуулийг элдэв будилаангүй явуулах нь чухал. Улстөрчид хуулиа шинэчлээд зогсохгүй “Сонгуулийг будилаангүй явуулна” гэсэн баталгааг гаргах хэрэгтэй.
"Улс төрийн тойм" сонин