”Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ныхон жагсав

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

”Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ныхон жагсав

Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны гишүүд жагслаа.

Тэд өмнө нь БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах, холбогдох хуулийн дагуу харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанаас гаргаж, БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэх, сургуулийн сургалтын орчин, шаардагдах тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг зохих журмын дагуу сайжруулж, шинээр олгох өгөх, асуудлаа мэддэггүй, чадваргүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх гэсэн шаардлагуудыг тавьсан юм.

Харин БСШУСЯ-ны зүгээс нийслэлийн өмчийн тусгай сургууль, цэцэрлэгийг төрийн өмчид шилжүүлэх, харьяаллыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулахаа мэдэгджээ.

Ингээд тус сургуулийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн даргад хүргүүлсэн байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж төрийн өмчид бүртгэх асуудлыг зохион байгуулдаг ажээ. 

“Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны гишүүд өмнө нь мөн “Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” зэрэг шаардлага тавьсан. Гэвч "Ийм үндэслэлээр тус сургуулийн захирлыг чөлөөлөх, томилох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй" гэсэн хариуг салбарын яамнаас өгсөн байна. Энэ хариуд тэд эсэргүүцлээ илэрхийлж, БСШУСЯ-ны шийдвэрийг эсрэгүүцэн, Төрийн ордны гадаа богино хэмжээний жагсаал зохион байгуулсан ажээ. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж