ИНЕГ-ын Үйлдвэрлэлийн ээлжит шуурхай хуралдаан “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд боллоо.
Тус буудлын захирал Д.Мөнхбаатар хурлын эхэнд үйл ажиллагааныхаа талаар товч мэдээлэл хийлээ. 2017 оны нэгдүгээр улирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нислэгийн тоо 384-өөр буюу 16 хувиар, зорчигч урсгал 18.5 хувиар өсчээ. 2016 оны гүйцэтгэлээр олон улсын нислэг дунджаар 7 хоногт 150, өдөрт 21 үйлдэгдэж, хамгийн олон нислэгтэй өдөр нь баасан гарагт 26 нислэгтэй байсан бол 2017 он гарсаар 7 хоногт 194, өдөрт 28 нислэг үйлдэгдэж байгаа аж. Харин хамгийн олон нислэгтэй өдөр нь ням гарагт 32 нислэгтэй ба хоногийн хамгийн ачаалалтай цаг нь 07:00-09:30 цаг байдаг байна.
Мөн орон нутагт өнгөрсөн онд 7 хоногт 111, өдөрт 16 нислэгтэй байсан бол энэ оны байдлаар 7 хоногт 116, өдөрт 17 нислэгтэй байгаа аж. Хамгийн олон нислэгтэй өдөр нь өмнөх жил мягмар, пүрэв, бямба гарагуудад тус бүр 19 нислэгтэй байсан бол өнөө жил мягмар гарагт 20 нислэгтэй байна.
2017 оны зуны тогтмол нислэгийн хуваарийн дагуу ням гарагт 48 нислэг үйлдэгдэж байгаа нь хамгийн олон нислэгтэй өдөр байна.
Үйл ажиллагааныхаа талаар энгийн, иргэдэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар мэдээлэл бэлтгэсэнд хуралдааныг даргалагч, ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом талархал илэрхийлж, бусад газрууд ч танилцуулгаа энэ жишгээр хийх нь зүйтэй гэдгийг хэллээ.
ИНЕГ-ын Үйлдвэрлэлийн шуурхайг харьяа алба, салбар тус бүрийн ажлын байранд очиж хийж байхаар болсон бөгөөд энэ нь алба салбаруудад өөрсдийн үйл ажиллагааныхаа онцлогийг бусдадаа таниулах, шийдвэрлэх асуудал, шинээр санаачилж хийж буй ажлаа газар дээр нь үзүүлж танилцуулах боломж олгодгоороо шинэлэг болоод байгаа юм. Одоогийн байдлаар Нислэгийн цаг уурын төв, Техник хангалт, навигацийн үйлчилгээний алба, Сэргээн засах амралт, “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Үйлдвэрлэлийн шуурхай хуралдаан болоод байна.
Эх сурвалж: ИНЕГ