АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанийн үеэр амлаж байсанчлан татварын эрс шинэчлэл хийх төлөвлөгөөгөө шуудруулжээ.
Орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөө “The Hill”-д өгсөн ярилцлагадаа Сангийн сайд Стивен Мнучин бизнесийн хүрээний татварын хэмжээг эрс бууруулах төлөвлөгөөний талаар анх удаа ам нээв. Тэрбээр 35 хувийн татварыг 15 хувь хүртэл бууруулахаар тусгасан Трампын засаг захиргааны бодож боловсруулсан шинэ хуулийн төслийг тун удахгүй Цагаан ордноос танилцуулах тухай дурдав. Энэ дагуу лхагва гаригийн үдээс хойш Сангийн сайд Мнучин болон Доналд Трампын эдийн засгийн зөвлөх Гари Конн нар Цагаан ордонд албан ёсны мэдээлэл хийжээ.
Татварын энэ шинэчлэл ирэх арван жилийн хугацаанд төсөвт хэдэн их наяд ам.долларын алдагдал бий болгоно гэж эдийн засагчид дүгнэж байна. Харин Сангийн сайд Мнучин татварын системийг шинэчлэх энэхүү төлөвлөгөө нь өөрөө эдийн засгийн өсөлтийг хангах болно гэжээ.
Мнучин үүнийг АНУ-ын түүхэн дэх “хамгийн том” татвар бууруулах алхам гэж тодорхойлов. Бизнесийн үйл ажиллагаанд ногдуулах татварыг хэд хэдэн шатлалаар бууруулна. Харин татвараас шалтгаалж холбооны төсөвт бий болох алдагдлыг хэрхэн нөхөх талаар огт тайлбар хийсэнгүй.
Гэхдээ АНУ-ын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг ирэх хэдэн сарын хугацаанд Конгрессээр хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх учиртай юм. Бодит үр өгөөжтэй хууль батлахын тулд Конгрессийн удирдагчидтай цаашид ч ойр байж, санал бодлоо солилцоно гэдгийг Сангийн сайд онцолжээ.
Трампын засаг захиргаанаас танилцуулсан татвар бууруулах төлөвлөгөөнд багтсан өөрчлөлтүүдийг товч танилцуулбал:
Бизнесийн үйл ажиллагаанд ногдуулах татварын хувь хэмжээг 15% болгох: Энэ тухай Трамп сонгуулийн кампанийн үеэр амлаж байсан юм. Одоо АНУ-д 35 хувь гэсэн систем үйлчилж байгаа.
Бизнес эрхлэгчдийг давхар татвараас чөлөөлөх: Хувийн бизнестэй хүний орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй, харин тэд 15% гэсэн хувь хэмжээг мөрдөж бизнесийн үйл ажиллагааны татвар төлөх ёстой болно. Тиймээс хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд зөвхөн бизнесийн үйл ажиллагааны орлогоос л татвар төлнө. Энэ нь зүйл заалт АНУ-ын төрийн тэргүүний үүсгэн байгуулсан Trump Organization гэх бизнесийн их гүрэнд ч хамаарах гэнэ.
Гаалийн албан татварыг чөлөөлөх
Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг өөрчлөх: Хувь хүний орлогод ногдуулах татварын долоон шатлалыг гурав болгож багасгах. Орлогын хэмжээтэй уялдуулан тогтоосон 10, 15, 25, 28, 33, 35 ба 39% гэсэн татварын шатлалыг 10, 25 ба 35% болгон бууруулахаар төлөвлөжээ.
Хилийн чанадад олсон орлогод нэг удаагийн татвар ногдуулах: Ингэснээр хилийн чанадад орлого олсон компаниудад нэг удаагийн, бага хэмжээний татвар төлөөд мөнгөө АНУ-д оруулж ирэх боломжтой болох гэнэ.
Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг чөлөөлөх: Өөрийн хүслээр бусдад шилжүүлж байгаа үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулахгүй болох аж.
С.ЦЭЛМЭГ