Зөрчлийн хуульд ноцтой алдаа олон байна

Хуучирсан мэдээ: 2017.04.27-нд нийтлэгдсэн

Зөрчлийн хууль

Зөрчлийн хуульд ноцтой алдаа олон байна

Зөрчлийн хуульд ноцтой алдаа олон байна

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэлтэй ярилцлаа.


-УИХ-аар Зөрчлийн тухай хууль болон Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эдгээр хуулийн төслийн талаар тантай ярилцах гэсэн юм?

Захиргааны эрх зүй судлаач хүний хувьд Зөрчлийн тухай хууль болон Зөрчлийг хянан шалгах тухай хуулийн төслийг үндсэн гол концепцынх хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь салбарын хууль болон дүрэм журам зөрчсөн зөрчил нь 2016 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулиар захиргааны эрх зүйгээс эрүүгийн эрх зүйд хамаарахаар хуульчилсан.

Захиргааны эрх зүйн үндсэн зарчим нь иргэдийг торгох шийтгэх биш иргэдэд зөвлөх үйлчлэх чиг үүргээр илэрхийлэгддэг. Тийм ч учраас мэргэжлийн хяналтын байцаагч нь хуульч биш эмч, эдийн засагч, газарзүйч гэх мэт тухайн салбарын мэргэжилтнүүд байдаг, иргэд тухайн салбарын хууль, дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд эхлээд зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар бүхий албан шаардлага өгөөд түүнийг биелүүлэхгүй бол торгох шийтгэх асуудал яригддаг.

Харин эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим нь гэмт үйлдэл болгонд тохирсон ял шийтгэл ногдуулахад оршдог.

Зөрчлийн тухай хуулийн төсөлд иргэдийн гаргасан зөрчил болгонд шийтгэл ногдуулахаар шууд хуульчлан зөрчлийг жижиг гэмт хэрэг хэмээн үзсэн. Энэхүү зарчмын шинжтэй өөрчлөлт нь маш олон үр дагаврыг араасаа дагуулна.

Тухайлбал, зөрчлийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэхээр болж, хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрчлөгдөж, иргэд нэхэмжлэгч байснаа хариуцагч болох зэргээр эрс өөрчлөлтүүд гарч байна. Ийм учраас л Зөрчлийн хуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Судлаачийн хувьд зөрчил болгонд шийтгэл ногдуулдаг ийм хуультай улс орныг мэдэхгүй юм байна.

-Хуулийг илүү сайжруулах зорилгоор шинэчилдэг, эсвэл өөрчилдөг. Харамсалтай нь, энэ төсөл зорилгоосоо хазайжээ гэж ойлгож болох нь ээ?

Уг нь одоо байгаа хуулийн зохицуулалтыг л сайжруулах гэж л өөрчилж шинэчилдэг гэж би ойлгодог. Гэтэл эсрэгээрээ одоо байгаагаа дордуулсан хууль, хуулийн төсөл яваад байна. Бодит байдал дээрээ иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль болоод байна л даа.

Одоо хүчин хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар мэргэжлийн хяналтын байцаагч албан шаардлага тавьсан эсвэл торгосон тохиолдолд иргэд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг.

Хэрэв хууль зөрчсөн нь тогтоогдвол уг актуудыг хүчингүй болгуулж эрхээ хамгаалдаг бол Зөрчлийн хууль хүчин төгөлдөр болсноор эрүүгийн шүүхээр иргэдийн зөрчил бүхий үйлдлийн бодит байдлыг тогтоох ажиллагаа явуулах учир иргэд гэмт этгээд буюу хариуцагч болж, мэргэжлийн хяналтын байцаагч, прокурор, шүүгч бүгд иргэдийг яллах талд эсрэг ажиллана.

Дээр нь нэмж хэлэхэд мэргэжлийн хяналтын байцаагчийн ажиллагаанд эрүүгийн шүүх хяналт тавихгүй учир шүүхийн хяналтын гадна хоцорно. Хуулийн төслөөр прокурор иргэдийн гомдол мэдээллээр зөрчлийн хэрэг үүсгэх, хянан шалгах, шүүх хуралд яллагчаар оролцох зэргээр хуульчилсан байна.

Мэргэжлийн хяналтын байцаагч дээр прокурор нэмэгдэхээр бизнесийн орчинд дарамт ихэснэ гэсэн үг. Төрийн хяналт нэмэгдэнэ гэдэг чинь шууд утгаараа авилгын орчин шинээр нэмэгдэнэ гэсэн үг. Яагаад ийм өөрчлөлт хэрэгтэй болсныг үнэндээ сайн ойлгохгүй байна.

-Энэ хууль батлагдсан нөхцөлд иргэдийг 230 гаруй хуулиар торгож шийтгэдэг байсан бол одоо ганцхан хуулиар торгож шийтгэдэг болохоос эхлээд  дэвшилттэй зүйлүүд хийгдсэн гээд ярьж байна?

Захиргааны эрх зүй судлаачийн хувьд үүнийг одоогийн хүрсэн хуулийн хөгжлийн төвшнөөс ухралт хийсэн болхи оролдлого хэмээн үзэж байна.

Зөрчлийн хуулийг анх санаачлагч нь иргэдийг олон хуулиар биш нэг хуулиар шийтгэх өөрөөр хэлбэл “ял, шийтгэлийг нэг цонх”-оор харах үндсэн концепцээр Зөрчлийн хуулийн төслийг боловсруулсан хэмээн мэдэгдэж байгаа.

Энэ нь шууд утгаараа шинээр Эрүүгийн хууль дахиад бий болгосон гэсэн үг. Иргэд, бизнес эрхлэгчдийг гэмт этгээд гэж үзээд яллах, шийтгэх байр сууринаас хууль боловсруулсан байна шүү дээ.

Нөгөө талаас салбарын 230 гаруй хуулийн төгсгөлд байдаг хариуцлагын хэсгийг механикаар таслан нэгтгэж нэг хууль болгосон.  Зөвхөн Зөрчлийн хуульд л шийтгэл байх бөгөөд бусад хууль, хэм хэмжээний актад торгосон, шийтгэсэн заалт байх ёсгүй хэмээн хаа ч байхгүй шинэ онол гаргаж нээлт хийсэн байгаа юм.

Санкцгүй шийтгэлгүй хууль бол шүдгүй арслан гэсэн үг. Хууль салбарынхаа онцлогийг агуулж, цогц байдлаар системчлэгдэж байж зохицуулах чадавхи нь нэмэгддэг. Сүүлийн 20 гаруй жилд бүтээсэн хуулийн тогтолцоогоо ингэж эвдэж самарч болохгүй л дээ.

-Гудамжинд шүлсээ хаядаг, бусдыг гүтгэдэг, танхайрдаг этгээдүүдийг чангахан шийтгэж хашраахгүй бол одоогийн хуульд зарим зохицуулалт алга, зөөлдөөд байна гэж ярих?

Хуулийн төсөл дээр ажиллаж байгаа нөхдүүд наад жишээг чинь байнга ярьдаг. Гудамжинд шүлсээ хаяж, танхайрч зөрчил гаргаж байгаа этгээд, бизнес эрхэлж хууль, дурэм журам стандарт зөрчиж байгаа хоёр хоорондоо маш ялгаатай. Барилга барих, үйлчилгээ эрхлэх зэргээр бизнес хийхэд гарч буй зөрчлүүд нь зөвхөн тухайн бизнес эрхлэгчээс биш маш олон хүчин зүйлээс хамаардаг. Энэхүү зөрчлийг арилгахын тулд төр иргэдийг торгох, шийтгэх биш харин эсрэгээрээ ажлын байрыг нь хамгаалж дэмжиж хамтарч ажиллах ёстой.

Энэ бол хаа ч хүлээн зөвшөөрөгдсөн төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны суурь зарчим юм. Мөн зөрчил гаргаж байгаа этгээдүүдийг шийтгэж хашраахгүй бол энэ нь даамжраад гэмт хэрэг гарах шалтгаан болдог, ял завшдаг гэсэн үндэслэлүүд яригддаг. Нийгмийн хэв журмын зөрчил гаргагчийг бизнес эрхлэгчидтэй холиод, Зөрчлийн хууль бүхлээрээ, өөрөөр хэлбэл таслаж нэгтгэсэн 230 гаруй хууль чинь бүгд аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой салбарын хууль шүү дээ.

Бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийг гэмт хэрэгтэн гэсэн нэг цонхоор харж хууль хийж болохгүй.

-Ер нь энэ хуулинд иргэд,  нийгэмд хэрэгтэй өөрчлөлт, шинэчлэлт байна уу?

Зөрчлийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг гол хэрэглэгч болох мэргэжлийн хяналтын байцаагч нар дэмжээгүй, шүүхээс бас дэмжээгүй, хуульчдын холбоо дэмжээгүй, иргэд, бизнес эрхлэгчид дэмжихгүй эсрэг шүүмжлээд байгаа. Энэ бол асуудал шүү дээ.

-Судлаачийн хувьд Зөрчлийн хуулийг бүхэлд нь үгүйсгэчихлээ. Одоо цаашид юу хийх хэрэгтэй бэ?

Болдогсон бол Зөрчлийн хуулийг татан авах хэрэгтэй байна. Судлаачийн хувьд одоо байгаа захиргааны хариуцлагын тухай хуульдаа зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг л нарийвчлаад нэмээд хийгээд өгөхөд хангалттай санагддаг.

Миний хувьд хамгийн гол харамсаад байгаа зүйл бол захиргааны эрх зүйн 230 гаруй хуулийг эвдээд хаячихлаа.

Байгаль орчны салбар гэхэд л 40 гаруй хуультай, татвар гэхэд л 20 гаруй хууль олон арван хэм хэмжээний актаас бүрддэг. Уг нь салбарын хуулиуд маань гайгүй системчлэгдээд зөв гольдролоор хөгжиж байсан. Торгууль шийтгэл хариуцлага нь тухайн салбарын хуулиудад тусгагдаж зүйл заалттай нь нарийн уялдаа холбоотой байж амьд хуулийн тогтолцоо бий болох учиртай.

Одоогийн энэ хэлбэрээр Зөрчлийн хуулийг баталбал нөхцөл байдал маш их хүндэрнэ.

Г.ДАРЬ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж