Францын шүүх ОУВС-ийн тэргүүнийг шалгана

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Францын шүүх ОУВС-ийн тэргүүнийг шалгана

Францын шүүх Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагардыг санхүүгийн маргаантай хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзээд шалгаж тогтоохоор болсон тухай шалгалтын комиссын дарга Герард Палисс мэдэгдлээ.

Хатагтай Лагардыг 2007 онд Францын бизнесмен Бернард Тапи болон Кредит Лион банкны хооронд үүссэн санхүүгийн маргаанд оролцсон байж магадгүй гэж буруутгаад байгаа юм. Бернард Тапи нь анх телевизийн хөтлөгч, хөлбөмбөгийн клубын эзэн байснаа 1990-ээд оноос эхлэн Adidas брэндийг эзэмшиж эхэлсэн бөгөөд тэрбээр Кредит Лион банкийг шинэ хэрэглэгчдэд зориулсан тусгай нөхцөл бүхий зээл олгох нэрийдлээр Adidas-ын1993 оны борлуулалтын ашгийг луйвардсан гэж үзээд шүүхэд өгчээ.

Францын засгийн газар 1995 онд Кредит Лион банкийг хүнд байдалд ороод байхад санхүүгийн дэмжлэг үзүүлж, улмаар бүрэн мэдэлдээ авсан тул дээрх санхүүгийн маргаанд татагдан орсон байна. Харин энэ үед Францын сангийн сайдын албыг хашиж байсан Лагард уламжлалт шүүгчийн бүрэлдэхүүнийг бус хөндлөнгийн шүүх бүрэлдэхүүнийг сонгож хэргийг шийдүүлж, 2008 онд хөндлөнгийн шүүхээс Кредит Лион банкийг Тапид учирсан хохирлыг барагдуулах 240 сая еврог төлөх тухай шийдвэрийг гаргажээ. Тиймээс ОУВС-гийн шинэхэн тэргүүн хатагтай Лагардыг ноён Тапид эрх мэдлээ ашиглан дэмжлэг үзүүлсэн хэмээн буруутгаж байгаа ч Лагард өөрийгөө буруу зүйл хийгээгүй хэмээн дээрх үндэслэлийг няцааж байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж