Австри дахь Монголын дипломат албанд ажилладаг гэж танилцуулсан Монгол Улсын иргэн хууль бусаар тамхи тээвэрлэж яваад Украины хилчдэд өнгөрсөн Пүрэв гаригт /2017.04.20/ баригдаж, саатуулагдсан билээ.
Хэрэг гарсан даруйд саатуулагдсан иргэн хэн байсныг Гадаад харилцааны яам шалгаж, тогтоосноо хэвлэлийнхэнд мэдээлсэн. Тэрбээр, Д00000949 дугаарын дипломат паспорттай Очирбатын Лхагварэнцэн гэх хүн байжээ. О.Лхагварэнцэн нь одоогоос ес хоногийн өмнө Е1310395 дугаарын энгийн паспортаар Турк улс руу зорчжээ. Харин хориотой бараа болох тамхи хилээр гаргахыг оролдоод саатуулагдах үедээ дипломат паспорт үзүүлсэн аж. Өмнө нь төрийн албан ажиллаж байсан тэрбээр төрийн албаа өгсөн ч дипломат паспортаа хураалгаагүй байсан хэмээн Гадаад харилцааны яам мэдэгдсэн.
Монгол Улсад хэчнээн хүн дипломат болон албан паспорт эзэмшдэг вэ?
Албан пасспортыг ямар шалгуураар олгодог вэ?
Төрийн албан тушаалаасаа буусан ч дипломат паспортаа яагаад хураалгадаггүй вэ?
Тэдэнд хэн хяналт тавьдаг вэ зэрэг асуултад “НЬЮС” агентлаг хариулт авахыг хүслээ.
Засгийн газраас 2013 онд шинэчлэн баталсан тогтоолоор төрийн гурван өндөрлөгөөс эхлээд төрийн албанд ажилладаг дарга нарын гэр бүл, төрийн албанд ажилладаг зарим албан тушаалтан /ЭНД дарж дэлгэрэнгүй харж болно./ дипломат албан паспортыг ашиглан Итали, ХБНГУ, Япон, Франц зэрэг 26 улстай харилцан визгүй зорчих боломжтой юм. Одоогоор 5112 иргэн дипломат албан паспортыг эзэмшиж байна.
(Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын жагсаалтыг ЭНД дарж үзэж болно)
Дипломат, албан паспорттай иргэд уг паспортаа зөвхөн албан ажилдаа ашиглах үүрэгтэй. Бусад тохиолдолд харьяа төрийн байгууллагынхаа захиргаа, хүний нөөцөд хураалгах журамтай. Хэрэв дипломат, албан паспорт эзэмшигч нь албан тушаалаасаа буух, ажлаа солих үед паспортыг нь харьяа төрийн байгууллагуудын захиргаа, хүний нөөцийн нэгжийнхэн хураан авч, устгах ёстой аж. Учир нь, тэдгээрийн хүсэлт дор, тэднээр дамжуулж Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Консулын газраас дипломат, албан паспортыг иргэдэд олгодог. Тиймээс хяналтыг УИХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яам агентлаг, аймаг дүүргийн төрийн захиргаа удирдлагын газрынхан тавьж, дипломат, албан паспортын ашиглалт, устгалыг зохицуулах үүрэгтэйг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд тайлбарлав.
Ажлаа солих эсвэл албан тушаалаа өгсөн ч давуу эрх бүхий дипломат, албан паспортаа ашиглаж, хилийн чанадад хууль бус наймаанд холбогдох иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нь төрийн байгууллагуудын захиргаа, хүний нөөцийнхний ажил үүрэг сул байгаатай холбоотой аж. Үүнээс гадна дипломат, албан паспортыг хуурамчаар үйлдэх тохиолдол нэмэгдэх болсон байна. Одоогоор цагдаагийн байгууллага дипломат, албан паспортыг хуурамчаар хэвлэсэн, хууль бусаар ашигласан зэрэг 21 хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Албан тушаалаасаа буусан, үүрэгт ажлаа сольж, дипломат, албан паспортыг эзэмших эрхгүй болсон иргэдийн паспортын ГХЯ хоёр ч удаа устгалд оруулан хүчингүй болгожээ.
Монгол Улсынхаа нэр хүнд, гадаад харилцаанд сэв суулгахгүй тулд цаашид дипломат, албан паспортыг олгох, эзэмших, хадгалах журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар ГХЯ-ны Консулын газраас төлөвлөжээ. Ингэхдээ дипломат, албан паспорт авахаар хандаж буй иргэдээс Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Төрийн албаны зөвлөлийн лавлагаа зэргийг шаарддаг болох юм. Дээрх шалгуур нь тухайн иргэнийг ажил, албан тушаалыг тодорхойлох хамгийн оновчтой арга гэж сонгожээ.
Зураглаач Э.ЭНХБАТ