Японы Гамшгийн дараах сэргээн босголтын сайд Масахиро Имамура буруу тайлбар хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорлоо.
Өчигдөр /2017.04.25/ болсон нэгэн хүлээн авалт дээр сайд 2011 оны цунамигийн хохирлын талаар үг хэлэхдээ буруу тайлбар хийсэн хэмээн японы NHK мэдээлж байна. “2011 оны цунамигийн хохирол 25 их наяд иенд /227 тэрбум ам.доллар/ хүрсэн. Энэ хэрэг Тохокуд /Хонсю арлын нэг хэсэг, 2011 оны цунамид хамгийн их хохирсол амссан газар/ болсон нь яамай. Хэрвээ нийслэлд ойр газар болсон бол асар их хохирол амсах байсан” хэмээн хэлжээ. Сайдын энэ тайлбар тэр даруй өндөр авч нийгэм даяараа шуугисан байна. Ялангуяа 2011 оны цунамигаар 20 мянган иргэнээ алдсан Тохоку хавийн оршин суугчид маш их эгдүүцжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абе өнөөдөр өглөө Масахиро Имамурагийн огцрол өргөдлийг ёсоор болгосон байна. Түүний оронд Либерал Ардчилсан намын Масаёоши Ёшихог сайдаар томилжээ. Кабинетийн гишүүнийхээ болчимгүй үйлдлийн төлөө Шинзо Абе уучлал гуйжээ.
Масахиро Имамура огцорсон тухайгаа сэтгүүлчдэд өөрөө мэдээлжээ. Хүлээн авалтан дээр хэлсэн үг нь түүний амнаасаа унагасан анхны бодлогогүй үг биш юм. Хориод хоногийн өмнө тэрбээр бас 2011 оны цунамид өртсөн Фукушимагийн атомын цахилгаан станцын орчим амьдарч байгаад нүүлгэн шилжүүлсэн иргэд нутаг руугаа буцах эсэх нь “тэдний өөрсдийнх нь мэдэх хэрэг” гэж хэлэн бас шүүмжлэлийн бай болж байжээ.Үүний дараа хэвлэлийн бага хурлын үеэр “энэ хэлсэн үгнийхээ учрыг тайлбарлана уу” гэсэн сэтгүүлчийг “Ийшээ дахин ирэх хэрэггүй, тэгээд амиа хамхи” хэмээн хэлж байжээ.
А.ТУЛГА