Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-иас малчид бэлтгэн нийлүүлэгчдээ дэмжих ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулдаг бөгөөд “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийг угтан сүү бэлтгэн нийлүүлэгчдийнхээ дунд урамшуулалт, сугалаат хөтөлбөрийг зарлан явуулсан юм. Энэхүү хөтөлбөрийн супер азтанууд Макс угшлын хурдан удмын даага, сүүний чиглэлийн голштейн үүлдрийн эр тугал, Samsung Galaxy J3 гар утас, 32 инчийн LED TV, хөлдөөгч, бидон, бэлэн мөнгө, сүүний шүүлтүүр зэргийг хожсон ба нийт 60 гаруй азтан тодорчээ.
Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн супер шагнал болох Макс угшлын, хурдан удмын “босоо хээр” азарганы үр төл хүрэн даагыг Сүү ХК-ийн бэлтгэн нийлүүлэгч, Төв аймгийн Батсүмбэр сумын фермер Ж.Энхболдод хүлээлгэн өглөө. Тэрээр Сүү ХК-тай 20 гаруй жил хамтран ажиллаж, жилийн дөрвөн улиралд тогтмол сүү бэлтгэн нийлүүлдэг бөгөөд саалийн 30 орчим үнээтэй аж. Ж.Энхболд энэ үеэр сүрэг мал нь арвижин, сайн үүлдрийн хурдан даагаар шагнуулсандаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Сүү ХК-ийн зүгээс ч үйл ажиллагааныхаа үндсэн тулгын чулууг түшилцдэг сүү бэлтгэн нийлүүлдэг фермерүүдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн ажлуудыг тогтмол зохион байгуулж, дэмжиж ажиллаж байна.