Тайландын үндэсний спорт болох кикбокс нь дэлхийн хэмжээнд өндөр хөгжиж байгаа спортын нэг төрөл. Тэгвэл “Балтика-2011” мэргэжлийн тайланд боксын тэмцээн энэ сарын 6-нд “Наран плаза”-гийн гадна талбайд болно. Тэмцээнийг Монголын кикбокс тулааны спортын холбоо, “Наран Фүүдс” компанитай хамтран явуулж байгаа аж. Энэхүү тулаан нь мэргэжлийнх мөн анх удаа задгай талбайд болж байгаа гэдгээрээ онцлогтой. Ур чадвар нь өсч яваа манай улсын шилдэг залуу тулаанчдаас гадна Хөвсгөл, Дархан, Дундговь зэрэг аймгаас тамирчид ирж оролцох юм. Манай залуу тамирчид 2008-2011 онд Тайландад мэргэжлийн кикбокст хөл тавьж цөөнгүй тулаан хийж, удаа дараа ялалт байгуулсан билээ. Монголын кикбоксын тамирчдын хувьд хоёр дэлхийн аварга, сонирхогчдын ДАШТ-ий найм, спортын мастерын болзлыг 35 хүн биелүүлсэн амжилтыг өнгөрсөн хугацаанд гаргажээ. Уг халз тулааны үеэр үзэгчид хоорондоо бооцоо тавьж болохоос гадна ямар нэгэн төлбөр төлөхгүй.
Тулаанд нийт 20 тамирчин гурван минутаар таван үе өрсөлдөх ба 51, 54, 60 кг-ын жинд Монгол улсын аварга цолны төлөө, харин 63,5, 71, 74 кг-ын жинд “Балтика Гран при” шагналын төлөө тулалдах юм. Халз тулаанд сүүлийн үед ур чадвар нь ахиж буй Монголын шилдэг, залуу тулаанчид болох 2011 оны Дэлхийн цомын аварга, 2011 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Мягмарсүрэн, Ч.Шижир-Эрдэнэ, О.Лхасүрэн, Б.Наадам, Г.Жавхлан нар Монгол улсын аваргын төлөө өрсөлдөнө. Тулаанд оролцох тамирчид нь бүгд жингийнхээ ангилалд улсын хэмжээнд чансаагаараа эхний тавд багтсан тамирчид байх ажээ.