УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр/2017.04.25/ Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Бусдыг гүтгэсэн тохиолдолд иргэнийг 10 сая, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгоё” гэх санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээгээд байна. Энэ асуудлыг бид УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодрууллаа.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн хуульд гүтгэх гэсэн заалтаар хувь хүнд 2 сая, хуулийн этгээдэд 20 сая төгрөгийн торгууль ногдуулахаар байсан ч одоо хувь хүнд 10 сая, хуулийн этгээдэд 100 сая төгрөгийн торгууль ногдуулж магадгүй боллоо. МАН-ын бүлэг Зөрчлийн хуулийг хэлэлцэх шатанд торгуулийн хэмжээн дээр ярилцсан зүйл бий юу. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Зөрчлийн хуульд нухацтай хандах олон асуудал байгаагийн нэг нь “Гүтгэх”-тэй холбоотой заалт юм. Цаанаа хувь хүн, аж ахуйн нэгжийн амьдрал, амьжиргаатай холбогдох учраас олон талаас нь харж, судалж, шийдвэрээ гаргах ёстой байгаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тараасан бол хувь хүн 2 сая, тухайн байгууллагыг 10 сая төгрөгөөр торгоно” гэж заасан байсан.
Бүлгээр Зөрчлийн хуулийг хэлэлцэх үеэр “Сошиалаар бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдах, үндэслэлгүй гүтгэсэн мэдээлэл их цацагдаж байна, үүнд ногдуулдаг хариуцлага алга. Оруулж ирсэн төслөөр торгуулийн хэмжээ бага байна, энэ бол хариуцлагатай хариуцлагатай болгох үндэслэл болохгүй” гэдэг зүйл яригдсан. Тухайн үед нь би “Хувь сэтгүүлчийн цалин ямар байгаа билээ, амьдралын баталгаа нь ямар билээ, хэвлэл мэдээллийн байгууллага ямар нөхцөлд ажиллаж байгаа билээ, эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ бүхнийг бодолцох ёстой. Хэн ч төлж чадахааргүй өндөр торгууль тавих нь эргээд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барьж айдас төрүүлэх, төлж чадахгүй бол биеэр эдлэх гээд цаашаа улам хүндрээд явах магадлал өндөртэй учраас “Тухайн мэдээлэл нь гүтгэлэг үү, гүтгэлэг биш үү” гэдгийг эхлээд ялгах ёстой. Энэ заалтыг Зөрчлийн хуульд тусгаж өгөх шаардлагатай. Ингээгүй нөхцөлд шууд гүтгэсэн гэж үзээд торгууль ногдуулах нь буруу шүү” гэдгийг хэлсэн.
Яагаад гэвэл Зөрчлийн хуулийн нэг аймшигтай зүйл нь шууд хэрэгжээд явна. Эрүүгийн хуулиар бол энэ гүтгэлэг үү, биш үү гэдгийг тогтоохоос эхлээд процесс үргэлжлэх ёстой.
Дээр нь Хэвлэл мэдээллийн байгууллага бол буух эзэнтэй, буцах хаягтай газар байдаг юм. Тийм учраас сошиал, хэвлэл мэдээллийн байгууллага хоёрынхоо ялгаа заагийг гаргаж өгөх ёстой шүү. Үүнд гишүүд маань бас ялгаа заагтай хандаарай. Цаад эзэн нь хэн юм, хэн ийм мэдээлэл өгөв, анхны эх сурвалжид нь ямар торгууль ногдуулах юм бэ гэдэг тодорхойгүй атлаа шууд бичсэн, нийтэлсэн хоёрыг шууд гүтгэлэг цацлаа гээд яллах нь учир дутагдалтай. Энэ бүхэнд тохирсон хариуцлага байх ёстой гэж би харж байгаа.
Дээрээс нь гүтгэлэг гэдгийн цаана үнэн мэдээлэл явж байвал яах юм.
Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хууль зөрчсөн, буруу замаар будаа тээсэн мэдээллийн талаар нийтэлчихээд “Гүтгүүлсэн” гээд өндөр төлбөр шаардсан байвал яах вэ. Ийм харилцаа тогтвол хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр торгуульд уначихна гээд барагтай мэдээллийг цацахгүй болж хувирна. Энэ тохиолдолд нийгэм цэвэршиж чадахгүй. Сөрөг үр дагаврууд их гарна. Тийм учраас гүтгэлэг гэдгийг нь яаж тогтоох юм, тогтоосон бол эздийг нь яаж олох юм, торгууль ногдуулах бол хэмжээ нь бодитой юу гэх мэтээр цаашаа судлах, салбарынхантай нь ярилцах гээд олон зүйл байна гэж харж байна.
-Тантай санал нэг гишүүд хэр олон байгаа бол?
-Бий, бий. Олон зүйл тодорхойгүй байхад ийм хэлбэрээр цаашаа явахгүй байх.
-Гэхдээ маргааш чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Зөрчлийн хууль байгаа. Торгуулийн хэмжээ дэмжигдвэл шууд бталагдах бололцоотой болно шүү дээ?
-Зөвхөн энэ заалтаар зогсохгүй олон заалт дээр нягтлах асуудлууд бий. Тийм учраас яаран сандран төслийн хэлэлцүүлгийг шуурхайлахгүй болов уу гэж бодож байна.
Би гишүүдэд хэлсэн, “Хариуцлагатай болох гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ эхлээд бид мэргэжлийн байгууллагаа нүүрээ нуусан сошиалаас ялгах ёстой. Мөн гүтгэх гэдгээ тогтоочихоод торгуулийн хэмжээг хэнд, яаж ногдуулах вэ” гэдгээ тодорхойлох учиртай.
Өндөр торгууль ногдуулснаар хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлагатай болно, гүтгэлэг зогсоно гэж бодохгүй байна. Харин ч мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг хаасан, үнэний дуу хоолой болсон сэтгүүлчийн амыг барьсан сөрөг юм руу орж болзошгүй учраас бүх талын асуудлыг авч үзэн, нягтлах шаардлага байгаа шүү” гэдгийг хэлсэн. Манай гишүүд зөвлөлдье гэсэн.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ