Хотын даргыг хангалтгүй ажиллаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

Хотын даргыг хангалтгүй ажиллаж байна гэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь /НИТХ/ Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2017.04.26/ мэдээлэл хийлээ. Тэд Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд Нийслэл хотоо хөгжүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санал санаачлагагүй ажиллаж байна гэж дүгнэж байгаагаа сэтгүүлчдэд мэдээллээ.

МӨНГӨ ДУТААГҮЙ СЭТГЭЛ ДУТАЖ БАЙНА

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү:

-С.Батболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод есөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ бол ажил хийе, нийслэлээ хөгжүүлье гэж боддог хүнд бол хангалттай хугацаа. Гэтэл Засаг дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-д 15 тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан нь өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн үеэс хоёр дахин бага байна. 2017 онд хэрэгжүүлэх 15 хөтөлбөр,  долоон дэд хөтөлбөр байгаагаас одоогоор нэг нь ч НИТХ болон Тэргүүлэгчдийн хурлаар албан ёсоор батлагдаагүй байна. Ажилдаа санаачилга, хурд муутай байгаагаа мөнгөгүй, төсөвгүй гэсэн башир тайлбар хийж бултах оролдлого хийх боллоо.

25 ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ТӨСӨВТЭЙ БАЙНА

НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа:

-2017 оны төсвийн нийт зарлагын хэмжээ 601 тэрбум төгрөг буюу өнгөрсөн жилийн төсвөөс 50 тэрбум төгрөгөөр илүү батлагдсан. Энэ мөнгөөр 25 цэцэрлэг барьж болно. С.Батболд дарга ажлаа аваад есөн сар, он гараад дөрвөн сар өнгөрчихөөд байхад хийгдэж байгаа ажлууд нь маш удаашралтай байна. Миссийн тэмцээн гэх мэтчилэн баяр ёслол, шоуг ивээн тэтгээд явж байгаа мөртлөө Нийслэлчүүдийн бүрэн хэрэглээ болчихоод байгаа приус машинд 50 хувийн татвар тогтоож байна. Ахмад настнуудыгаа ялгаварлан тэтгэврийн насыг уртасгаж байхад хотын дарга маань үг дуугүй чимээгүй өдийг хүрлээ.

ХӨРС ХАМГААЛАХ ӨДӨРТЭЙ БОЛЖЭЭ

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

-Урин дулааны цаг эхэлж байгаатай холбогдуулан  дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хөрс хамгаалах өдөр болгон зарласан. Дөрөв, тавдугаар сард хөрсний бохирдлын хэмжээ ихэсдэг. Цаашдаа хөрсийг бохирдуулахгүй байх тал дээр анхаарлаа хандуулан эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллаж байгаа.

Г.ТҮШИГ

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж