Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрийг АНУ-гүйгээр хэрэгжүүлэх болно хэмээн Японы Сангийн сайд Таро Асо мэдэгдсэнийг тус улсын NHK суваг мэдээллээ.
“Ирэх тавдугаар сард Вьетнамд болох Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрт оролцогч орнуудын сайд нарын уулзалтын үеэр энэ асуудлыг хөндөн ярилцах болно. Энэ хэлэлцээрийг ямар байдлаар хэрэгжүүлж болохыг энэ уулзалтаар тодорхойлох юм” хэмээн Таро Асо хэлсэн байна.
Энэхүү хэлэлцээрт оролцож байсан гол улс болох АНУ энэ хэлэлцээрээс гарч байгааг Дональд Трамп Ерөнхийлөглөгчийн албан тушаалаа авсны дараахан мэдэгдсэн.
Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрт Ази, Номхон далайн 12 орон оролцож байснаас АНУ гарснаа зарласан. Энэ хэлэлцээр нь энэ бүс нутагт улс хоорондын худалдааг хөнгөвчлөх, тарифыг бууруулах, хөдөлмөр эрхлэх, байгаль орчныг хамгаалах, оюуны өмчийг хамгаалах зэрэг маш өргөн хүрээг хамарсан хэлэлцээр юм.
Түншлэл байгуулагдсан тухай баримт бичигт оролцогч орнууд өнгөрсөн 2016 оны хоёрдугаар сарын 4-нд Шинэ Зеландын Окленд хотод гарын үсэг зурсан юм.
Энэ түншлэлийн орнуудад дэлхийн ДНБ-ий 38-40 хувь, нийт дэлхийн худалдааны эргэлтийн дөрөвний нэг ногдож байгаа юм. Гэхдээ энэ тоо АНУ-ыг оролцуулан хийсэн тооцоо юм.
А.ТУЛГА