“NEWS” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ?” булангаа бэлтгэн хүргэдэг билээ. Энэ долоо хоногт Зам, тээврийн хөгжлийн яамыг онцолж байна.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон "Транзит Монгол 2017" олон улсын форум өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан билээ. Энэхүү форумд Зам, тээврийн хөгжлийн яамнаас төлөөлөл оролцсон юм. Форумын үр дүнд төмөр замын хоёр шинэ чиглэл нээгдэж, долоо хоногт нэг, сард дөрвөн галт тэрэг явах, Хятадаас Европын улс орнууд руу ачаа илгээх шинэ чиглэлүүд явахаар эхний тохиролцоо хийжээ.
ОХУ-ыг БНХАУ-тай төдийгүй Европыг Азитай холбох хамгийн дөт замд Монголын газар нутгаар дамжин өнгөрөх тээврийн коридор юм. Европ-Азийг холбосон Транс–Сибирийн гол тэтгэгч шугам болох Наушки-Эрээн чиглэлийн Монголыг дамжин өнгөрөх /Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн/ төмөр зам нь 1110 км урттай. Энэ нь Монголын хоёр талаар тойрох Казахстаны коридороос 513, Манжуурынхаас 748 км дөт юм.
Хэдий дөт замд тооцогдож байгаа ч 2016 онд манай нутаг дэвсгэрээр 167 чингэлэг галт тэрэг явсан бол Казахстанаар 10 дахин их буюу 1700 чингэлэг, Манжуураар дамжуулан 1200 чингэлэг ачаа тээвэрлэжээ. Манайхан ачаа шилжүүлэн тээвэрлэхэд 420 минут зарцуулдаг байжээ. Тэгвэл одоо 240 минут зарцуулахаар болгосон байна. Мөн ачаа тээвэрлэх үнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлэхээр болжээ. Ингэснээр Монгол Улс 2017 онд транзит тээврийнхээ тоог /167 байсныг хоёроос гурав дахин нэмэгдүүлж/ 400 чингэлэгт хүргэх зорилт тавьжээ. БНХАУ-ын зүгээс транзит тээврийн бүсээ зүүн, баруун, төв гэсэн гурван хэсэгт хуваадаг бөгөөд Монгол Улс төв хэсэгт нь багтдаг. Тиймээс Хятадын төв хэсгийн транзит тээврийг Монголын нутгаар дайран өнгөрүүлэх замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа аж.
ТЭЭВРИЙН УХААЛАГ СИСТЕМ НЭВТРҮҮЛЖ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ ХҮРГЭНЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзаж зам, тээврийн салбарын тоон мэдээллийн санг үүсгэж, програмыг хөгжүүлэх шаардлагатай байгаагаа илэрхийлжээ. Харин Азийн хөгжлийн банк хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэж, Монгол Улсын зам, тээврийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах аж.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарлаж, Монгол Улсын Засгийн газраас 2012 онд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд нас барсан хүний тоо 7 хувь, гэмтсэн хүний тоо 9.8 хувь тус тус буурсан үзүүлэлттэй бөгөөд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлснээр ослын тоог илүү бууруулах боломжтой болох аж.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ХАНДСАН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛНЭ
Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд хуралдаж, баруун талдаа хүрдтэй автомашины гэрлийн тохиргоо стандартын бус байдгаас осол аваар гарах эрсдэл үүсч байгааг онцолсон байна. Тиймээс Автотээврийн үндэсний төвөөс баруун хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгон өөрчлөх судалгаа хийгдэж байгааг дуулгасан байна.
Хурлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах хүрээнд тэдэнд зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах, нийгэм-сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, нийгмийн харилцаанд бүрэн тэгш оролцох боломжийг нь хангахад анхаарч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд үүрэгджээ.