Монгол, Солонгосын бяцхан балетчид “SPIRIT OF BALLET”-ын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2017.04.20-нд нийтлэгдсэн

Монгол, Солонгосын бяцхан балетчид “SPIRIT OF BALLET”-ын тайзнаа

Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан” нь Балетын урлагийн холбоотой хамтран “Spirit of Ballet” тоглолт хоёр өдөр /2017.04.19, 20/ зохион байгуулж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдож буй энэхүү тоглолтод “Солонгосын өсвөрийн балетын одод” компанийн балетчин хүүхэд багачууд, Хөгжим бүжгийн коллежийн сурагчид, Монголын Үндэсний балет сургуулийн хүүхдүүд болон УДБЭТ-ын залуу уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлог юм.

“Монгол Улсын балетын урлаг нь Ази тивдээ маш эрт байгуулагдаж, тэргүүн байрт ордог байсан. Бараг 60-70 жилийн түүхтэй. Харин өнөөдөр энэ байдлаа хадгалж чадахгүй боллоо. Бидний зорилго бол Ази тивийнхээ балетын бүжигчдийг эх орондоо авч ирэх юм. Цаашдаа ганц БНСУ гэлтгүй Япон зэрэг Азийн балетын урлаг өндөр хөгжсөн орны өсвөр үеийн бүжигчид манайд ирж чуулдаг болохын төлөө ажиллана. Энэхүү “Spirit of Ballet” гала тоглолтыг фестиваль болгон хөгжүүлэхийн төлөө зорьж байна” гэж Монголын үндэсний балетын сургуулийн багш, Соёлын тэргүүний ажилтан Ц.Жаргалан хэлж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БАЛЕТЫН СУРГУУЛИЙН БАГШ, СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН Ц.ЖАРГАЛАН

“Солонгол, Монгол өсвөрийн балетчдын хамтарсан тоглолт анх удаа болж байна. БНСУ-аас 10 балетчин хүүхэд ирсэн. Энэхүү тоглолтоор Монгол, Солонгосын балетын урлагийн харилцаа холбоо цаашид улам өргөжин хөгжих байх гэж харж байна. Бидэнд дараа дараа хийхээр төлөвлөсөн олон сайхан санаа байна. Дараагийн хамтарсан тоглолтыг БНСУ-д хийнэ гэж бодож байгаа. Монголын хүүхдүүд Солонгост сургалтад хамрагдаж байсан. Тиймээс бидний хамтын ажиллагаа улам сайн өргөжин гэдэгт итгэлтэй байна.” гэж “Солонгосын өсвөрийн балетын одод” компанийн захирал Жу Ми Сун хэлж байв.

“СОЛОНГОСЫН ӨСВӨРИЙН БАЛЕТЫН ОДОД” КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЖУ МИ СУН /баруун гар талаас эхнийх нь//

Хоёр улсын соёлын харилцаанд нэгэн шинэ алхмыг эхлүүлж буй “Spirit of Ballet” тоглолт өнөөдөр 19.00 цагаас УДБЭТеатрын тайзнаа дахин тоглогдож өндөрлөнө. Өнөөдрийн тоглолтын хөтөлбөрт П.И.Чайковскийн ПОЛОНЕЗ, НОЙРССОН ГҮНЖ,  Л.Делибийн КОППЕЛИЯ, А.Кампрагийн ВЕНЕЦИЙН КАРНАВАЛ зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг Солонгос, Монголын балетын бүжигчид амилуулна.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж