МАН-ын гишүүд бизнесээ “базуулсан” уу?

Хуучирсан мэдээ: 2017.04.20-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд бизнесээ “базуулсан” уу?

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тендер авч, бизнесээ тэтгэх боломжгүй болсноос Засгийн газарт уураа гаргаж эхэлжээ-

УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн Даваа гаригийн /2017.04.17/ хуралдаан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “базсан” уур амьсгалд болж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрын тэргүүнийг бацаанаар нь дуудсан тухай дуулиан  дэгдэж байгаа ч цаад учрыг нь ухвал нэлээн юм гарч ирэх бололтой.

УИХ өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталсан. Уг төсөв нь Засгийн газрын өргөн барьсан хувилбараар батлагдсан нь олон жилийн жишгийг эвджээ. Жил бүр УИХ-аар төсөв, төсвийн тодотголыг хэлэлцэхэд хууль тогтоогчид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын заримыг нь царцааж, заримыг нь хүчингүй болгож, оронд нь тойрогтоо хийх ажлаа “шургуулдаг”. Сонгогчдынх нь хувьд тойрогт нь тодорхой ажил хийх нь таатай мэдээ. Гэвч ийм өөрчлөлтийн ард ихэвчлэн улстөрчийн ах, дүү хамаатан саднаар нь халхавчилсан бизнес нь төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг авч, давуу эрх эдэлдэг аж. Харин Засгийн газраас өргөн барьсан 2017 оны төсвийн тодотгол ийм боломжийг бүлгийн гишүүдэд нь олгоогүй нь эцэстээ Засгийн газартаа дайн зарлах шалтгаан нь болсон байна.

Бас нэг шалтгаан нь үе, үеийн улстөрчдийн саалийн үнээ болсон нүүрсний наймааг өнөөх “бацаан” Ерөнхий сайд нь бас зогсоочихсон бололтой юм. Үүнээс болж, хэдэн тонн нүүрс зуучлаад мөнгөтэй болчихдог бизнесийн суваг нь хаагдсан гэх.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсч, нэг тонн нь 300 ам.долларт хүрэн, өндөр авч байхад нүүрс зарах суваг нь ажиллахгүй болчихоор ямар олиг байх билээ.

Хуучин технологиор бол ийм боломжийг улстөрчид нь Засгийн газраараа дамжуулаад ашиглачихна. Харин одоогийн Засгийн газрын тэргүүнд энэ талаар яаж ч хэлээд, яаж ч сүрдүүлээд нэмэргүй, эсрэгээрээ ах нарын олон жилийн алдааг засна гэж зүтгээд байгаа нь эцэстээ “Огцруулна шүү” гэх анхааруулга өгөхөд хүргэсэн бололтой.

Уг нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд одоо л хөндөж эхэлж байгаа юм биш. Засгийн газрын тэргүүнээр томилогдоод удаагүй байхад л “Эрдэнэт”-ийн асуудлаар шахалт үзүүлэн, ил, далдаар оролдож үзсэн.

Дараа нь Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай хэлэлцээрийн ширээний ард суух үеэс мөн хэл амаа билүүдэж эхэлсэн. Гол нь хөтөлбөрийг эсэргүүцэн, 2017 оны төсвийн тодотголыг батлахгүй байя гэвч эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх учраас буруу харж уйлж, зөв харж инээж суугаад хүлээн зөвшөөрсөн хэрэг. Гэтэл "хөдөөний Засаг дарга" нь бизнесийнх нь жаргал, зовлонг ойлгохгүй, “Би ажлаа хийнэ. Харин та бүхэн улс төрөө хийж л байхгүй юу” гэж адран, бацаанаараа дуудуулсан байгаа юм.

Эцсийн эцэст бизнесээ “базуулсан” улсууд яаж сайхан ааштай байх билээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ойртож байгааг ч хэлэх үү,

“но”-г нь ухаж гаргаж ирэх ажилдаа орцгоон Засгийн газраас концессын гэрээгээр хийхээр болсон ажлуудыг нь дэлгэж тавина гэдгээ ч энэ үеэр мэдэгдсэн байна.

Концессын гэрээгээр хийх ажлын нэг нь Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц барих төсөл аж. Цагаан суваргын ордыг ашиглах шийдвэрийг өмнөх УИХ гаргасан. Уул уурхайн томоохон төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөх нь эдийн засгийн өсөлтийг хангахад чухал дэмжлэг болох төдийгүй олон ажлын байр бий болгох учраас Засгийн газар дээрх ажлыг концессын жагсаалтад багтаасан байна. Гол нь Цагаан суваргын ордын тусгай лицензийг “Монголын алт” компани эзэмшдэг нь хийх бизнесгүй болсон улстөрчдийнх нь хувьд Засгийн газрыг муухай харагдуулах нэгэн шалтгаанаа болгожээ.

“Миний бизнесийг явуулахгүй бол чинийхийг ч бас харлуулаад өгч чадна” гэсэн хариу ч юм уу.

Дээрх цахилгааны шугам татагдсанаар Цагаан суваргын ордын бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ.

Бусад зургаан концессын ажлын тухайд ихэвчлэн өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гараад ажил нь эхэлсэн ч хөрөнгө мөнгөгүйгээс зогсонги байдалд орж, жил өнгөрөх тусам төсөвт өртөг нь өсөх болсон зам, обьекттой холбогдох гэнэ. Тухайлбал, Яармагийн гэх тодотголтой 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам барих төсөл багтаж байна.

Харин Ерөнхий сайдад хүчээр “нааж” болох нэг төсөл нь Дархан-Эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг нь боловсруулах барих, шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам байж болох аж.

Эдгээр ажлуудаар нь бүлгийн зарим гишүүн нь Засгийн газрыг ороон, дайтаж эхэлсэн нь энэ юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж