Ослын үед хүмүүс голчлон толгой, цээж, хөлөө гэмтээдэг

Хуучирсан мэдээ: 2017.04.20-нд нийтлэгдсэн

Ослын үед хүмүүс голчлон толгой, цээж, хөлөө гэмтээдэг

Цагдаа нар өчигдөр /2017.04.19/ гудамж, замд хийсэн хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг саатуулжээ. Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 335 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 10 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний дөрөв нь сургуулийн насны хүүхэд байсан байна.

Ослыг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн долоон осол, мөргөлдсөн таван осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Тухайлбал:

Сүхбаатар дүүргийн нутаг Дарь эхийн зам, 58 дугаар сургуулийн хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь 10 настай Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг Хэрэг бүртгэх тасагт шалгаж байна.

Зам тээврийн ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биедээ гэмтэл авсан байдлаас үзэхэд толгой, цээж, хөлийн гэмтэл хамгийн их хувийг эзэлж байна. Орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтэгсэд биеийн бүх хэсэг, толгойн гэмтэл их авч байгаа нь осол илүү ноцтой, учирч буй гэмтэл хүнд байгааг харуулж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн үзүүлэлтээс амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биеийн гэмтэл авсан хэсгийн мэдээллээс авч үзвэл:

  • Толгой-26,8 хувь

  • Хүзүү-3,9 хувь

  • Аарцаг, нуруу-7 хувь

  • Бөгсөн бие-4,7 хувь

  • Хөл-25 хувь

  • Нүүрний хэсэг-6,9 хувь

  • Цээж-8,7 хувь

  • Хэвлий-5,5 хувь

  • Гар-7,9 хувь

  • Бүх биеийн хэсэг-1,8 хувийг эзэлж байна.

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 53 хувь нь толгойдоо, 19 хувь нь цээж, 10,4 хувь нь аарцаг, нуруундаа хүнд гэмтэл авч, 17,8 хувь нь толгой болон нуруундаа хавсарсан гэмтэл авч амь насаа алдсан нь судалгаагаар тогтоогдсон.

Дэлхийн зам тээврийн ослын тайланд тусгагдсанаар хмгаалах бүс хэрэглэх нь зам тээврийн ослын үед учирч болох гэмтлийг урд сууж явсан жолооч болон зорчигчийг 40-50 хувиар, ард суусан зорчигчийг 25-75 хувиар бууруулдаг гэсэн тоо баримт бий. Иймээс жолооч та зөвхөн өөрөө биш тээврийн хэрэгсэлд зорчиж яваа бүх зорчигчид хамгаалах бүсийг хэрэглүүлж хэвшээрэй.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж