Тэрбумтан, хөрөнгө оруулагч, хүмүүнлэгийн үйлстэн, философич, улс төрийн идэвхтэн. Сүүлийн үед бол Доналд Трампыг өчиггүй шүүмжлэгч гэгдэх болсон Жорж Сорос. Түүний түүх, түүний амьдрал ер бусын.
Түүний жинхэнэ нэр Шварц Дьёрд. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотод 1930 оны наймдугаар сарын 12-нд төржээ.
Унгар. 1944-45 он. Еврей хүү гэр бүлийн хамт эцгийнхээ бэлтгэж хийсэн хуурамч бичиг баримтын ачаар нацист дэглэмийн түрэмгийллээс эсэн мэнд мултарчээ.
Удалгүй тэр Унгараас зугтаж, Англид очжээ. Тэнд Сорос төмөр замын ачигч, шөнийн клубт зөөгчөөр ажиллахын зэрэгцээ Лондонгийн эдийн засгийн сургуульд философийн чиглэлээр суралцсан байна.
Сургуулиа төгсөөд Сорос Лондонд үйл ажиллагаа явуулдаг бүх банкны салбарын менежер, удирдлагуудад ажлын ярилцлагад орохыг хүссэн захидал илгээв. Гэвч ердөө ганц, хоёроос нь л хариу авчээ.
Ажлын ярилцлагад ороод үргэлж дээрэлхүүлж, дорд үзэгддэг байсан энэ үеийг Сорос өөрөө амьдралынх нь “уналтын цэг” байсан гэж тодорхойлдог. Хүссэн ажил нь олдохгүй байсан учир тэр дэлгүүрийн худалдагчаар ажилладаг байжээ.
Эцэст нь Сорос Лондон дахь Singer & Friedlander банкинд үйлчилгээний ажилтнаар ажилд оржээ. Менежер нь унгар хүн байсан учир түүнийг ажилд авсан гэдэг.
Сорос 1950-иад онд Нью-Йорк руу нүүж, F.M. Mayer-т ажиллах болов. Хэд хэдэн санхүүгийн фирмд аналистаар ажилласны эцэст 1970 онд тэр өөрийн Сорос санг байгуулжээ.
Жим Рожерс, Стэнли Дракенмиллер нар түүний Сорос санд ажилладаг байв. Тэд хожим өөр өөрсдийн замналаар хөрөнгө оруулалтын салбарын домог гэгдэх болсон билээ.
Сорос 24 цагийн дотор нэг тэрбум ам.доллар босгосон алдарт наймаагаа 1992 оны есдүгээр сарын 16-нд хийжээ.
1969-2009 он хүртэлх 40 жилийн хугацаанд Сорос хөрөнгө оруулагчийн хувиар гоц амжилт гаргажээ. 10 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг тэр 143,7 сая ам.доллар болтол өсгөж чадсан байв.
Харьцуулахад, тэр үед Уоррен Баффет 10 мянгыг 28,4 сая ам.доллар болгосон байна.
Лондонд эзэмшсэн философийн чадвараа ашиглаж тэр зах зээлд өөрийн гэсэн онолыг бий болгожээ. Энэ нь түүний амьдралынх нь туршид үргэлжилсэн ололт амжилтын үндэс суурь нь болсон гэдэг.
Сүүлийн жилүүдэд Сорос олон улсын дүрвэгсдийн асуудалд онцгой анхаарал хандуулж, дэлхий даяар үйл ажиллагаа явуулах “Нээлттэй нийгэм” санг эрхлэх болжээ.
Сорос 2016 онд худалдаа наймааны салбарт эргэн ирэв.
Гэвч гэнэтийн гэмээр үр дүнг харуулсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэр нэг тэрбум ам.доллар салхинд хийсгэжээ.
Сорос америкчуудын сонголтыг шүүмжилж, “АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп боломж нь олдвол диктатор болох хүн” гэж байв. Мөн тэр бизнесийн хүрээний түншүүддээ хандан “бизнес урьдын адил хэвийн үргэлжлэх цаг үе өнгөрсөн” гэжээ.
С.ЦЭЛМЭГ