Залуу захирлууд ярьж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.20-нд нийтлэгдсэн

Залуу захирлууд ярьж байна

“Эдийн засагт залуучуудын оролцоо” бизнес эрхлэгчдийн анхдугаар уулзалт өнөөдөр /2017.04.20/ Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Ерөнхий зохион байгуулагчаар “Залуу захирлуудын холбоо”, хамтран зохион байгуулагчаар Монголын залуучуудын холбоо оролцсон байна.

Чуулга уулзалтад 150 орчим зочид төлөөлөгч хүрэлцэн иржээ. Үүний 50 нь улс төр, эдийн засгийн салбарын төлөөлөл бол үлдсэн залуучууд нь бизнес эрхэлдэг аж.  Форумын төгсгөлд бизнес эрхлэгчдэдээ уриалга гаргаж, энэхүү уриалгаа Монголын эдийн засгийн форумд хүргүүлэх аж.

Ингээд форумд оролцож байгаа залуу бизнес эрхлэгчдээс дараах тодруулгыг авлаа.


ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭЕЛДЭГ ХАРИЛЦААГ ГУЙВУУЛЖ ОЙЛГОДОГ

“Softline Asia” компанийн гүйцэтгэх захирал Б.Солонго

-Бизнесийн салбарт эмэгтэй захирал цөөн байдаг. Үүний шалтгааныг та хэрхэн хардаг вэ?

-МҮХАҮТ-аас шалгаруулсан н ТОП 100 аж ахуй нэгжийн 26 ньл  эмэгтэй удирдлагатай. Ер нь МҮХАҮТ-д бүртгэлтэй компаниудын 10 хувь нь эмэгтэй захиралтай. Эмэгтэй удирдагч цөөн байгаа шалтгааныг би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ НҮБ-ын судалгаанаас харахад боловсролын салбарт маш олон эмэгтэй байдаг. Ялангуяа багшаар ажилладаг. Тиймээс судалгаа явуулж, 10 эмэгтэй багшид захирал болох санал тавихад бүгд айсан. Учир нь эмэгтэй хүмүүс удирдах албан тушаал хашихаас  эмээдэг  юм шиг байгаа юм. Үүнээс үүдээд эмэгтэй удирдагч цөөхөн байдаг юм болов уу гэж бодож байна.

-Та өөрөө ямар салбар удирддаг вэ?

-Би IT-гийн салбар удирддаг. Манай салбарыг эрчүүдийн салбар гэж хэлж болно. Гэхдээ эмэгтэйчүүд маш олон зүйлийг зэрэг хийх боломжтой. Илүү энэрэнгүй сэтгэл гаргаж, тав тухтай байдлыг эрхэмлэдэг. Харин эрчүүд бол нэг ажлаа төгс хийж чаддаг. Стратеги, төлөвлөлт тал руугаа ажиллаж чаддаг юм болов уу гэж би хардаг. Гэхдээ би өөрийгөө эрчүүдээс дутахгүй ажиллаж байгаа гэж бодож байна.

-Эмэгтэй хүн бизнес хийгээд явахад жендерийн асуудал тулгардаг уу?

-Мэдээж тийм асуудал гардаг. Эрэгтэй хүмүүс хоорондоо учраас олоход амар байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд тийм биш. Ялангуяа Монголд жендерийн асуудал илүү мэдрэгддэг. Эмэгтэйчүүд ажил хөөцөлдөөд явахад хар пиар, хардлага сэрдлэг давамгайлдаг. Олон улсад бол эелдэг харилцааг гуйвуулж ойлгодоггүй. Гэтэл Монголд эелдэг харилцааг гуйвуулж ойлгох, ярих гэх мэт асуудал гардаг. Ер нь ялгаатай шүү.


ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЖ БАЙГАА ЗАЛУУСТ ТАТВАРЫН АСУУДАЛ БЭРХШЭЭЛ БОЛДОГ

“Mebel art” компанийн захирал Б.Мөнгөн-Эрдэнэ

-Гарааны бизнес эхлүүлж байгаа залуучуудад татварын асуудал хүнд байна. Гадны компани Монголд бизнес эрхлэхэд татвараас таван жил чөлөөлдөг. Гэтэл монголчууд өөрсдөө бизнес эхлүүлэхэд тийм байдаггүй. Бид татварын дарамтад маш их өртдөг. Тиймээс залуучуудаа дэмжээд, эхний гурван жилд татвараас хөнгөлдөг байвал зүгээр байна. Мөн татварын асуудлаар сургалт семинар зохион байгуулах, мэдээлэл өгөх нь чухал.  

-Танай компанийн хувьд сард хэдэн төгрөгийн татвар төлдөг вэ?

-Манай компани сард 2сая орчим төгрөгийн татвар төлдөг.


ЗАЛУУЧУУДАД ГОЁ САНАА, ИТГЭЛ НАЙДВАР БАЙДАГ. ГЭВЧ…

“Эм эл жи ди ди” уул уурхай, өрөмдлөгийн хайгуулын компанийн Ерөнхий захирал Ц.Отгонбаяр

-Би 2011 онд компани байгуулсан. Уул уурхай 2010, 2011 онд эрчимтэй хөгжиж байгаад 2013 оноос хямрал эхэлсэн. Залуучуудад гоё санаа, итгэл найдвар байдаг. Гэвч бизнесийн гараа, хөрөнгө асуудалтай. Одоогийн байдлаар манай компанийн үйл ажиллагаа ч сайнгүй байна. Компаниуд хоорондоо үнээ буулгаж өрсөлддөг. Гэтэл гадны компаниуд эрсдэл, стандарт хардаг. Энэ шаардлагыг биелүүлж чадахгүй байгаа учраас гаднаас компаниуд орж ирээд дотоод зах зээлийг эзлээд байна. Иймд өрөмдлөгийн салбарыг стандарттай болгож, өрсөлдөх чадвараа ахиулахад анхаарч ажиллаж байгаа.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж