Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Хатаж буй Эрээн нуур

Хатаж буй Эрээн нуур нэртэй нйитэлэлийг facebook дэх SOS групп нийтэлжээ.

“Эрээн нуураас элс л үлджээ, одоо яах вэ”

Энэ асуултад Говь-Алтай
аймгийн Жаргалан сумын иргэд санаа зовж суух болсон байна. Үнэхээр
Завхан голоос эх аван элсэн манхан дунд цэнхэртэн байсан Эрээн нуур
ширгэж үгүй болжээ.

Аймгийн иргэд Тайширын усан цахилгаан станц
баригдсанаас болж Эрээн нуур ширгэж үгүй болсон гэх ойлголттой байх нь
элбэг. Гэхдээ одоо хэн нь буруутай вэ гэдэг дээр маргалдах бус тал
талаасаа анхаарал хандуулж, ширгэсэн Эрээн нуураа сэргээх нь л чухал
байгаа гэдгийг БОАЖ-ын дэд сайд хэлж байлаа.

МАН-ын Ард түмнээ
сонсох аяны хүрээнд сэтгүүлчдийн баг БОАЖ-ийн дэд сайд Ч.Жаргалсайхан,
Тайширын усан цахилгаан станцын захирал Д.Амартүвшин, Жаргалан сумын
Засаг дарга С.Готов нартай хамт Эрээн нуурын өнөөгийн байдалтай
танилцсан юм.

Одоогоос 10 жилийн өмнө буюу 1999 оноос хойш Эрээн
нуур ширгэж эхэлснийг Тайширын усан цахилгаан станцын захирал
Д.Амартүвшин хэлж байлаа. Харин сумын удирдлагын хувьд Эрээн нуурыг
сэргээх талаар иргэдтэй нийлж багагүй ажил хийдэг ч хөрөнгө мөнгөний
дутагдалтай байдлаас болж төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг дуулгасан.

Тухайлбал,
өнгөрсөн 2009 онд нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр Завхан голын
гольдролыг Эрээн нуур руу чиглүүлэх гэж далан барьсан хэдий ч тэр нь
үерийг даалгүй өнгөрсөн жил сэтэрчээ. Ер нь Эрээн нуурыг сэргээхэд
ойролцоогоор 10 орчим сая төгрөг шаардлагатай, энэ хөрөнгийг сумын
удирдлага бие даан гаргах боломжгүй учраас салбарын яамнаас гуйдаг,
царай алддаг хэмээн учирлаж байлаа.

Харин БОАЖ-ын дэд
сайд Ч.Жаргалсайхан "Үнэхээр хийе, бүтээе гэвэл 10 сая төгрөг хаанаас ч
гэсэн олдоно, орон нутгийн удирдлагуудын сэтгэл, зүтгэл дутаж байна"
хэмээн шүүмжилсэн. Нөгөөтэйгүүр Эрээн нуурыг сэргээнэ гээд хар муйхраар
далан барьж, зүтгүүлэх бус мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор зураг
төсөл, тооцоо судалгааг нь хийж ажиллах ёстой гэдгийг сануулж байсан юм.

МАН-ын
дэргэдэх Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга,
БОАЖ-ын сайд Ч.Жаргалсайхан энэ талаар анхаарч ажиллахаа илэрхийлээд,
ойрын үед мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн багийг Эрээн нуурт авчирч,
тодорхой ажил хийнэ гэдгээ амласан.

Түүнчлэн өнгөрсөн 10 жилийн
хугацаанд дэлхий нийтээр ган гачиг тохиож, маш олон нуур, цөөрөм, гол
горхи ширгэсэн. Энэхүү ган гачигийн мөчлөгийн хугацаа 2009 оноор
дуусгавар болж, өнгөрсөн 2010 оноос эхлэн хур бороо элбэгших, чийглэг үе
ирсэн гэнэ. Тиймээс байгаль дэлхий хур бороогоо харамгүй хайрлабал,
Завхан гол сэргэж, Эрээн нуур ч эргээд бий болно гэдэгт найдаж буйгаа
салбарын сайд илэрхийлсэн юм.

Д.АМАРТҮВШИН: БИД ЭРЭЭН НУУРЫГ СЭРГЭЭХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Бид энэ үеэр Тайширын усан цахилгаан станцын захирал Д.Амартүвшинээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Тайширын
усан цахилгаан станц баригдсанаас хойш Эрээн нуур ширгэлээ гэж иргэд
үзэх нь элбэг байгаа. Та энэ тал дээр тайлбар хэлэх үү?
-1996, 1997
оны үед Завхан гол нэлээд ус ихтэй байсан. Энэ үе бол байгаль цаг уурын
байдал таатай, хур борооны ордог хэмжээ одоогийнхоосоо нэлээд их байсан
гэх судалгаа байдаг юм билээ. Одоо энэ нутгийнхантай, малчин иргэдтэй
уулзахад "1999 оны үед Ажиг нуур ширгэж эхэлсэн, Ажиг нуурыг аврахын
тулд нутгийнхан хандив өргөөд, далан хийж байсан" гэж хэлж байна. Тэр
далан нь 2001 онд үерээр задраад, тэрнээс хойш Ажиг нуур үндсэндээ
ширгэж алга болсон байна. Тэгээд 2003 онд хамгийн сүүлийн удаа үер орж
ирж, Ажиг нуур нэг удаа сэргэсэн гэсэн.

Сүүлийн үед хэвлэл
мэдээллийн хэрэгслээр болон хүмүүсийн дунд Тайширын усан цахилгаан станц
баригдаад л Эрээн нуур, Ажиг нуур ширгэчихлээ гэх яриа гарах болсон.
Тэгэхээр Эрээн нуур анх ширгэж эхэлсэн нь 1997, 1999 он, Ажиг нуур
ширгэсэн нь 2001 он. Гэтэл Тайширын усан цахилгаан станцын далан
хаагдсан буюу Завхан голыг байгалийн жамаар урсгахгүй болсон цаг хугацаа
нь 2007 он наймдугаар сар. Гол нуур ширгэж эхэлсэн нь далан хаахаас
найман жилийн өмнө байгаа юм. Энэ цаг хугацаанаас харахад ямар ч байсан
Эрээн нуур ширгэсэн нь зөвхөн Тайширын УЦС-аас болоогүй байгаа юм.
Тодорхой нөлөө байсан, гэхдээ байгаль цаг уурын нөлөө анхнаасаа байсан
гэдгийг ард иргэдэд ойлгуулмаар байна.

-Тайширын усан цахилгаан станц одоогоор хэчнээн сумыг цахилгаанаар хангаж байна вэ?
-Өнгөрсөн
2008 оны 10 дугаар сараас Тайшир сумыг цахилгаанаар хангаж эхэлсэн.
2009 оны долдугаар сарын 31-нээс Жаргалан сумыг, есдүгээр сараас Алтай
хотыг цахилгаанаар хангаж байгаа. Одоогийн байддаар Баян-Уул, Халиун,
Жаргалан, аймгийн төв, Бигэр, Цогт сумдыг цахилгаанаар хангаж байна.
Усан цахилгаан станц хүчин чадлаараа ажиллах тусам доошоо гарч байгаа
усны хэмжээ тогтмол нэмэгддэг. Нэмэгдэх тусам энд ирэх усны хэмжээ
ихэснэ. Бид Эрээн нуур, Ажиг нуурыг сэргээх чиглэлд салбарын яам,
ЭБЭХ-ний яамтай хамтран тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж
байгаа.

-Эрээн нуур өмнө нь ямар байсан, одоо ямар болчихоод байна вэ?
-Эрээн нуур хуучин байсныхаа 1/8 орчим хэмжээнд л байна.

-Цаашид яах ёстой вэ, ширгэчихлээ гээд л хараад байх уу?
-1999
онд анх далан барьсан юм билээ. Тухайн үед Ажиг нуур ширгэх нь гээд
нутгийн ард иргэд өөрсдөө хөрөнгө мөнгө цуглуулж байгаад барьсан байдаг.
Тэр далан нь 2001 онд үерээр сэтрээд үр дүнгүй болсон. Бид өнгөрсөн
намар дахиад нэг үзлээ. Ер нь боломжуудыг хамтарч эрэлхийлэх ёстой юм
байна. Усны байгууллагууд, барилга байгууламж хийдэг компаниуд хамтраад
зураг төслөө хийгээд, бодлоготой, төлөвлөгөөтэйгөөр ажиллах ёстой.
Ингээд мэргэжлийн байгууллагын судалгаа, дүгнэлт, зураг төсөлтэйгөөр
дорвитойхон хөрөнгө мөнгө гаргаад хийвэл боломж байна гэж ойлгож байгаа.

Д.Энхдэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж