Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган Төрийн ордны их танхимд үргэлжилж байна. Үндэсний чуулганд хот, хөдөөг төлөөлөх 800 орчим нөхөрлөлийн гишүүд оролцож, байгалиа хамгаалах, нөхөн сэргээхэд нөхөрлөлүүдийн оролцоог хэрхэн хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад юуг анхаарах шаардлагатай талаар хэлэлцэж буй юм.
Монгол Улсад одоогоор 1629 нөхөрлөл байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт гишүүдийн тоо нь 41.3 мянгад хүрсэн бол 3.3 сая га ойн санг гэрээгээр эзэмшиж, хамгаалж, арчилдаг аж.
Ойн нөхөрлөлүүд бий болж, ойн санг гэрээгээр эзэмших болсноор тухайн газар дахь ойн түймэр 50 хүртэл хувиар, хууль бус мод бэлтгэл үндсэндээ зогссон байна.
Энэ бол төр иргэдтэйгээ хамтраад байгалиа хамгаалах бүрэн боломж, бололцоо байгааг харуулж буйн тод жишээ аж. Дэлхий нийт ч нөхөрлөлөөр дамжуулж, байгалиа хамгаалах нь илүү үр дүнд хүрч байна гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Гэхдээ сайны хажуугаар саар жишээ ч бас байна. Байгалиа хамгаална гэж нөхөрлөл байгуулах зөвшөөрөл авчхаад ан амьтныг нь хороох, бусдад хууль бус ан агнуур хийх боломж олгох зэргээр байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Ийм нөхөрлөлүүдийн зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, хууль хяналтын байгууллагад асуудлыг нь шилжүүлдэг аж.
Цаашдаа ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулахаас гадна санхүүгийн дэмжлэг чухал байна гэдгийг чуулганд оролцогчид хэллээ.
Монгол орны нийт ойн 70 орчим хувь нь хөгширчээ. Ойг цэвэрлэхэд дан ганц нөхөрлөлийн хүчээр шийдэх боломжгүй гэнэ.
Дээр нь малчин, ойн нөхөрлөл хоёрын дунд зөрчил гарах тохиолдол цөөнгүй. Ойн хил хязгаарыг тодорхой болгох шаардлага мөн тулгарч байна. Хил хязгаарын заагийг усан хагалбараар шийднэ гэж тодорхойлохгүй бол маргаан ихээр гардаг аж.
Салбарын яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Хууль батлагдсан нөхцөлд нөхөрлөлүүд албан ёсны бүртгэлтэй, тамга тэмдэгтэй хуулийн этгээд болж, бусад байгууллагуудтай гэрээ байгуулж, хамтран ажиллах боломжтой болно. Мөн байгаль хамгаалах ажлыг дагнан эрхэлж буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувиар санхүүжүүлэх боломжийг судлах зэрэг ажил эхэлжээ.
Г.ДАРЬ