Манай улс УИХ-ын 2014 оны 43-р тогтоолоор Ногоон хөгжлийн бодлогоо баталсан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аймгуудыг Ногоон хөгжлийн хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичигтэй болоход мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч бодлогоор дэмжин ажиллаж байна. 2016 онд Хэнтий аймаг нь Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн дэмжлэгтэйгээр “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичгээ батлуулсан.
Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад багш, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэднээр дамжуулан байгальд ээлтэй хандлагыг иргэд, олон нийтэд түгээх, сурталчлах, төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид болон цэцэрлэгийн багш нарын дунд “Тогтвортой хөгжлийн олимпиад”-ыг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан. Олимпиад нь 2 үе шаттай зохион байгуулагдсан ба 2-р шатанд 13 сумын сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 32 сурагч, 20 багш оролцлоо.
Сурагчид “Байгаль хамгаалах уламжлал” сэдэвт гар зураг зурж “Төрийн байгууллагын гадаад болон дотоод орчны үнэлгээ” сэдвээр бичил судалгааны ажлын илтгэл танилцуулсан бөгөөд 1-р байрыг Мөрөн сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Н.Мөнх-Хэрлэн, 2-р байрыг Батширээт сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Б.Энхтуул, 3-р байрыг Норовлин сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч О.Цэлмүүн нар тус тус эзэлсэн. Харин багш нарын хувьд “Байгаль хамгаалах уламжлал” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, байгаль хамгаалах уламжлал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тусгасан нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлсэн бөгөөд 1-р байрыг Хэрлэн 1-р сургуулийн биологийн багш Д.Жимсээ, 2-р байрыг Бор-Өндөр сумын Энхжин цэцэрлэгийн багш М.Адъяа, 3-р байрыг Хан-Хэнтий цогцолбор сургуулийн түүхийн багш Г.Цэгмид нар тус тус эзэллээ.
ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ