
Тэгвэл Оросын "Известия" агентлаг өнгөрсөн оны есдүгээр сараас үргэлжилсэн Монгол, АНУ болон Японы гурван талт хэлэлцээний дагуу Монголд цөмийн түлшний хаягдал байрлуулах асуудал амжилтад хүрч эхэлсэн байна гэх мэдээллийг саяхнаас цацаж эхэлжээ. Оросын агентлаг энэ мэдээллийг Хятадын хэвлэл мэдээллийн эх сурвалжуудаас авсан гэж байгаа бол Хятадын мэдээллийн сайтууд Монголын эрх бүхий албан тушаалтны мэдээллийг дамжуулсан гэж тайлбарлаж байгаа юм байна.
Дээр дурдсан гурван орны харилцан тохирсноор бол Монголын тал цөмийн реактораас гаргасан хаягдлыг боловсруулж хадгалах хүчин чадалтай болох ёстой юм гэж Орос болон Хятадын сайтуудад мэдээлжээ. Мэдээллээс үзэхэд, Монголд америк томьёололтой хаягдал буюу АНУ-ын оролцоотойгоор баригдсан цөмийн эрчим хүчний станцуудын гаргасан цөмийн түлшний хаягдлыг хадгалахаар төлөвлөж байгаа гэнэ.
Хэрэв энэ асуудал цөмийн хаягдлыг байршуулах тухай хэлэлцээрт оролцсон талуудын зөвшилцсөний дагуу шийдэгдвэл Монгол нь цөмийн түлшний түүхий эд болох ураныг олборлодог төдийгүй цөмийн түлшний хаягдлыг байршуулсан цөөхөн орнуудын нэг болох аж. Хөрш орнуудын сайтууд мэдээлэхдээ Монголд цөмийн түлш байршуулах ажлыг Олон улсын эрчим хүчний агентлаг (IAEA)-ийн хяналт доор явуулах бөгөөд тус агентлагаас хадгалалтын байгууламж барихад шаардлагатай техникийн туслалцааг үзүүлэх болно гэж тодруулсан байна.
Мөн ийнхүү цөмийн түлшний хаягдлыг байршуулах нь байршуулсан улс орондоо тодорхой ашиг орлого оруулдаг гэдгийг ч мөн тэдгээр мэдээлэлд дурджээ. Сүүлийн үед хийгдсэн шинжээчдийн тооцоогоор бол зөвхөн Япон, БНСУ, Тайваньд байгаа цөмийн түлшний хаягдал гэхэд 10-20 мянган тонн хэмжээгээр хуримтлагдаад байгаа аж. Дэлхийн хэмжээнд тогтсон дундаж ханшаар бол нэг кг боловсруулсан цөмийн түлшний хаягдлыг байршуулж хадгалсныхаа төлөө байршуулсан тал нь 500 ам.доллар авдаг юм байна.
Хэрэв энэ тооцоогоор баримжаалбал Монгол улс нэлээд хэдэн тэрбум ам.долларын ашиг хийж болохоор байгаа гэж Хятадын сайтад мэдээлсэн байна. Харин цөмийн түлшний хаягдлыг байршуулж байгаа талын хувьд тэртээ тэргүй тэдгээр хаягдлыг байршуулах газар олдохгүй байгаа учир аль аль талдаа ашигтай болж таарч байгаа гэнэ. Наад зах нь саяхан осол болж дэлбэрсэн Фукушимагийн цөмийн эрчим хүчний станцын түлшний үлдэгдэл гэхэд одоо хэр нь реакторынхоо ойр орчимд хаягдал болон байсаар байгаа бөгөөд Монгол руу ачигдаж ч магадгүй ажээ.
Оросууд энэ асуудлын талаар тодруулахдаа ердөө л өнгөрсөн тавдугаар сард Монголд цөмийн түлшний хаягдлыг байршуулах асуудал огт байхгүй хэмээн эрс няцааж байснаа гэнэт Улаанбаатарын зүгээс ийнхүү байршуулахыг зөвшөөрч байгаа нь гайхалтай юм хэмээн онцолжээ. Тэр тусмаа Монголын Гадаад хэргийн яам энэ талаар эрс тэс няцаалт өгч, Монголын хуулиар аюултай хог хаягдлыг оруулах, хадгалах болон устгахыг хориглодог хэмээн тайлбарлаж байсан хэр нь одоо болохоор Монголын талаас асуудлыг өөрөөр харж эхэлснийг гайхалтай зүйл боллоо гэж дурдсан байна.
Тэгэхдээ энэ хуулийн нөгөө талд хэрэв цөмийн эрчим хүчний хог хаягдлыг өөрийн дотоодод үйлдвэрлэсэн бол хадгалж болохоор тусгагдсан байдаг гэж Оросын мэдээллийн хэрэгслээр бас тодруулж бичээд энэ нь Японы талаас Монголд цөмийн эрчим хүчийг ашиглах технологийг эзэмшүүлэх саналыг хэдэнтээ тавьж байсантай холбогдож болох талаар мөн дурдсан байна. Зарим нэг мэдээллийн эх сурвалжууд Монголын тал цөмийн эрчим хүчний түлшний хаягдлыг байршуулсныхаа хариуд цөмийн эрчим хүч ашиглах технологийг авах болон өөрийн нутаг дэвсгэр дээр атомын цахилгаан станц бариулах угтуулсан санал тавьж байгаа гэсэн байна.
Энэ саналуудын хүрээнд магадгүй гадаад орноос оруулж ирэх хаягдал цөмийн түлшийг дахин урвалжуулах замаар шинэ цөмийн түлш гаргаж авах үйлдвэрлэлийг ч явуулж магадгүй гэж мэдээлэгдэж байгаа аж. Үүний тулд хаягдал цөмийн түлшний савханцраас плутонийг нь салган авч, дараа нь уран-235 элементийн изотопийг нь гарган авах ажээ. Үүний дараагаар гаргаж авсан изотопоор цөмийн түлш үйлдвэрлэж эхлэх бөгөөд үүний тулд уран баяжуулах технологи шаардлагатай болдог байна.
Гэвч энэ технологийг цөмийн эрчим хүчний клуб гэдэг зүйлд элсч ороогүй байгаа Монгол зэрэг орнуудад дамжуулж ашиглахыг зөвшөөрдөггүй юм байна. Гэхдээ энэ клубт орох үүд хаалгыг цөмийн түлш байршуулах саналыг хүлээж авах замаар ч шийдэж болох боломж монголчуудад байгаа гэж ажиглагчид үзэж байгаа гэнэ. Хэдийгээр олон улсын цөмийн агентлаг одоогоор Монголын дээрх зөвшилцлийн тухайд ямар нэг зүйл мэдэгдэж зарлаагүй ч хэрэв дээрх асуудал ажил хэргийн явцад шийдвэл хадгалалтын аюулгүй байдлын талаар туслалцаа үзүүлэх нь гарцаагүй гэж оросын "Известия" агентлаг үзсэн байна.
Мөн энэ талаар Оросын зарим мэргэжилтнүүдийн санаа бодлыг ч нийтэлжээ. Тухайлбал, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын судлалын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузанин дээрх асуудалтай холбогдуулж саналаа хэлэхдээ "Монголчууд нутаг орныхоо онгон дагшин цэвэр ариун байгалиар бахархдаг улс болохоор аюултай хаягдал оруулж ирэхэд хүрвэл жагсаал тэмцэл өрнөж улстөрийн байдал нь тогтворгүй болж мэдэх юм. Тэнд олон намын тогтолцоо төлөвшсөн учраас ийм алхам нь өнөөгийн эрх баригчдад халгаатай байж мэднэ" гэжээ.
Үүний зэрэгцээ Оросын эрчим хүчний "Грийнпийс" хөтөлбөрийн удирдагч Владимир Чупров анхааруулж хэлэхдээ "Яагаад Япон болон АНУ өөрсдийн цөмийн түлшний хаягдлаа газар нутаг дээрээ булж хадгалахгүй, харин бусдад их мөнгө төлж хадгалуулах гээд байна вэ гэдгийг асуугаад үз л дээ. Бодож үзвэл тэдний цөмийн хаягдлыг хадгалах технологи нь бидэнд итгүүлэх гээд байдаг шиг тийм ч найдвартай биш учраас л тэр биз" гэсэн байна.