Эмэгтэй батлан хамгаалахын сайдууд 

Хуучирсан мэдээ: 2017.04.19-нд нийтлэгдсэн

Эмэгтэй батлан хамгаалахын сайдууд 

Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт эмэгтэйчүүд үйлчлэгч, тогооч, эмч, сувилагч хийдэг цаг өнгөрчээ. Эмэгтэйчүүд өөрсдийн эрхийнхээ төлөө тууштай тэмцэж, дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд албан ёсоор бичигдэх болов. Өнөөдөр тэд улсын аюулгүй байдлын салбарыг удирдах болсон гэдгийг орчин үеийн түүх өгүүлж байна. 

Элизабет Рен

Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын удирдагчдын түүхэнд хамгийн анх хөл тавьсан эмэгтэй бол Элизабет Рен билээ. Тэр Финляндийн батлан хамгаалахын сайдаар 1990-1995 оны хооронд ажиллаж байсан. Хожим нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар томилогджээ. 


Карме Чакон

Испанийн батлан хамгаалахын сайдын албан тушаалд Карме Чакон долоон сартай бие давхар байхдаа томилогдсон билээ. Батлан хамгаалахын сайд болмогцоо тэр цэрэг дайны үйл хэргийг идэвхтэй судалж, улмаар Испанийн генералуудаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Харамсалтай нь, Карме Чакон энэ сарын эхээр амиа алдсан байдалтайгаар гэрээсээ олдсон. Одоогоор түүний нас барсан шалтгаан албан ёсоор тодорхой болоогүй байна. 


Мишель Альо-Мари

“Би эх орон, батлан хамгаалах салбарынхаа та нүүрээ будах хэрэгтэй гэж боддог” гэж Францын батлан хамгаалахын сайд Мишель Альо-Мари ярьжээ. Тэр маш амбицтай, хүйтэн хөндий, эрсдэлд дуртай нэгэн. Үүнээс гадна маш тансаг эмэгтэй билээ. Мишель Альо-Марийг улс төрийн Грета Гарбо гэж нэрлэдэг. 2002-2007 он хүртэл тэрбээр батлан хамгаалахын сайд, 2007-2009 он хүртэл хуульзүйн сайд, 2009-2010 оны хооронд дотоод хэргийн сайд, хожим нь гадаад хэргийн сайдын албан тушаалыг тус тус хашиж байв. 


Жанет Наполитано

2002 оноос хойш Жанет Наполитанын карьер хуульзүйн салбарт огцом өссөн билээ. Тэрээр улсын прокурор, Үндэсний аюулгүй байдлын сайд хүртэл амжилтад хүрсэн байдаг. Жанет Наполитано нь боловсрол, багш нарын цалингийн түвшин, хууль бус цагаачлалын асуудалд хатуу байр сууриа илэрхийлдэг байв. Тэр хоёр удаа Аризона мужийн захирагчаар сонгогдож байсан бөгөөд 2005 онд АНУ-ын шилдэг таван захирагчийн нэгээр тодорчээ. 


Карин Энстрем

2012 оны дөрөвдүгээр сард Шведийн батлан хамгаалахын сайдаар Карин Энстрем томилогдсон ажээ. Тэрээр албан тушаалдаа томилогдсоны дараахан өмнөх сайдын шинэчлэлийг үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байдаг. 


Раса Юкнявичене

Литвийн батлан хамгаалахын сайд Раса Юкнявичене “Дорнын аюул”-ын тухай хэлсэн үгээрээ дэлхийд алдартай билээ. Тэр үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүхий л цэргийн сургалтыг дэмждэг нэгэн. Мөн НАТО-гийн цэргийн сургуулилтад идэвхтэй зэвсэгт хүчнээ илгээдэг ажээ. 


Линда Мурниеце

Латвийн түүхэнд дэх хамгийн анхны эмэгтэй батлан хамгаалахын сайд Линда Мурниеце билээ. Гэхдээ тэр дөрөвхөн сар энэ албан тушаалыг хашсан бөгөөд дараа нь дотоод хэргийн сайдын албан тушаалд томилогдож байв. Үүнээс гадна, Линда Мурниеце дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр олон жил ажиллаж байсан юм. Мөн тэрбээр зэвсэг техниктэй маш сайн ажилладаг нэгэн ажээ. 


Власта Парканова

Жааз дуучин Власта Парканова Чехийн батлан хамгаалах яамыг 2007-2009 оныг дуустал тэргүүлж байв. Сайдын албан тушаал түүний хувьд шинэ зүйл биш. Тэрээр 1997-1998 онд хуульзүйн сайдаар ажиллаж байв. 


Юрико Коикэ

Юрико Коикэ цэргийн карьер удаан үргэлжлээгүй. Тэрээр ойролцоогоор нэг сарын хугацаанд батлан хамгаалахын сайдаар ажилласан юм. Юрико Коикэ нь улсын нууц мэдээллийг задруулсан хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорч байжээ. Үүнээс гадна, алдарт телевизийн хөтлөгч Юрико Коикэ эрэгтэй генералуудыг удирдаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. 


Марта Лусия Рамирес

48 настай мэргэжлийн фотомодель асан Марта Лусия Рамирес 2002 оны наймдугаар сард Колумбийн түүхэнд анхны батлан хамгаалахын сайдаар томилогдсон билээ. Гэхдээ тэр нэг жилийн хугацаанд армийг удирдаж байв. Түүнийг батлан хамгаалах яамыг удирдаж байх хугацаанд хүнд гэмт хэрэг 22 хувь, хүн барьцаалах гэмт хэрэг 35 хувь, хар тамхины хууль бус наймаа 70 хувь тус тус буурчээ.

Үүнээс гадна, Латин Америкийн улс болох Аргентин, Чили, Уругвай, Эквадор зэрэг улс орнууд эмэгтэй батлан хамгаалахын сайдтай байсан ажээ. 

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: LADY.TUT.BY

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж