Өнгөрөгч тавдугаар сараас авахуулаад сар бүр нефть бүтээгдэхүүний асуудал монголчуудын шүдний өвчин болсоор намартай залгаж байна. Тавдугаар сард тариалалт, зам барилга, бүтээн байгуулалтын ажил ид өрнөх үеэр дизель түлшний хомсдолд орсон. Төрийн удирдлагууд ирэх долоо хоногоос байдал дээрдэнэ гэсээр сар гаруй хугацаа алдсаны эцэст нэг юм байдал тогтворжсон билээ. Дайснаа ирэхээр дариа нухдагийн үлгэрээр урагш, хойш хөрш рүүгээ төрийн болон хувийн компаниудтай яриа хэлэлцээ хийсний дүнд нийлүүлэлтийг хэвийн болгох ажлууд амжуулсныг салбарын эрх мэдэлтнүүд бахархалтайгаар тарааж байсан юм. Сар бүр “Роснефть” компаниас 40 мянган тонн нефть бүтээгдэхүүн авах гэрээ хийсэн нь баярлууштай мэдээ болоотохсон ч хэлэлцээрт үнийг тогтвортой байлгах тухай дурдаагүй байж. Юутай ч хаврын тэр гачигдлын үеэр дизель түлшний үнэ суга өсч 1750 төгрөг дээр тогтох болсон юм.
Гэтэл зургадугаар сард АИ-92 бензиний асуудал дахиад л үүсэв. Компаниуд аанай л нийлүүлэгчдийн зовлонг ярьж сүүлийн саруудад захиалсан хэмжээнээсээ багыг авч байгаа гэсээр АИ-92 бензиний үнэ 1350 төгрөгийг байсныг 1500 болгоодохсон. Наадмын баярын өдрүүдэд уур бухимдлаа умартсан монголчууд үндэсний баяр наадмаа тэмдэглэж, намрын ажилтай залгахад үнэ дахиад л өсөв. Зарим аймгуудын ойн баяр болж, үндсэндээ баяр наадам шувтраагүй л байгаа. Гэтэл компаниуд дарга цэргийн эзгүйд үнээ нэмж, “бид бизнесийн байгууллага” хэмээн цээж дэлдэж суух. Импортын хэдэн компанийнхаа өмнөөс сөрөх сачийгүй төр өдгөө нам гүм. Компаниуд үнийн өсөлтийн мэдээг Газрын тосны газраас ав гэх боловч тус газраас утсаа авч тайлбар өгөх албан тушаалтан таг чиг. Төрийн төмөр нүүр, ноён нуруу үнийн өсөлт дор хайлсан тугалга шиг нам даруулах нь энэ биш үү.
АИ-92 болон А-80 бензиний үнэ уржигдар тус бүр 90 төгрөгөөр өссөн нь жирийн иргэдийг шууд оносон үнийн дарамт болсон. Хувийн том, жижиг тэргээрээ халтуур хийдэг жолооч, өдрөөс өдөрт өсөх үнэд цалингаа барсан жирийн иргэдийн амьдралд чамгүй дарамт учруулах нь дамжиггүй. Энэ дашрамд сүүлийн үед өссөн үнийг жагсаавал автобусны үнэ 400 төгрөг, такси 600 төгрөг, мах 4000-5000 төгрөг. Төмөр зам дотоодын нүүрсний тээврийн тарифаа 15 хувь нэмэх болсон нь цахилгааны үнэд нөлөөлж болзошгүй байгаа гэх. Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140400, дундаж цалин 300 мянга. Эх орны хувь хишиг болгож хүн бүр сард 21 000 төгрөг авч байгаа. Нэг хүний сарын орлого хамгийн доод тал нь 160 мянга орчим бол дундаж нь 350 мянгаас буурахгүй. За тэгээд оуютан сурагчтай айлд сургалтын төлбөр, байрны үнэ, хичээлийн хэрэглэл, хоол хүнсний гээд үнийн өсөлт улам тухлах нь. Жишээ болгож хоёр хүүхэдтэй дөрвөн ам бүлтэй айлын сарын зардлыг бүдүүн тоймоор гаргахыг оролдъё.
Дорж, эхнэртэйгээ хөдөлмөр эрхэлдэг. Хоёулаа өглөө ажилдаа ирж очихдоо автобус дамжилгүй явна гэж бодоход өдөрт 1600 төгрөг. Үүнийг ажлын 22 өдөрт үржүүлж үзвэл 35200 төгрөг. Хааяадаа яарсхийж такси барьдаг байж болох ч тооцоонд үүнийг оруулахаа түр хойш тавья. Гэрт үлдэж буй хүүхдүүддээ өдөр бүр нэг талх авч өгдөг бол сардаа 24 мянган төгрөг. Түүнийг дагаж гарах жижиг зардлуудыг 50 мянгад багтаая. Сарын хүнсэнд чамгүй мөнгө зарцуулахын ихэнхийг мах, ногооны үнэд явчих нь мэдээж. Сард 15 кг мах хэрэглэнэ гэж тооцвол 67 500, 25 кг гурил 20 000, будаанд мөн 20 000-ыг зарцуулъя гэж бодъё. Хүнсний ногоо кг нь 1500-гаар бодоход 15 кг нь мөн л 67 500 төгрөг болно. Цахилгааны мөнгө, ус байрны мөнгийг оролцуулбал 25 мянга гэж тооцъё. Ингээд хамгийн ойрын хэрэглээний дээрх бараа бүтээгдэхүүний үнийг нэгтгэж үзэхэд 300 мянга хүрчихлээ. Ариун цэврийн хэрэгслүүд, хүүхдийн хэрэглэл, хичээлийн хэрэгсэл, улирлын хувцсыг оролцуулбал үнийн дүн талийх нь. Сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр гээд өсөхгүй юм Монголд алга.
Тун удалгүй ойрын хэдэн өдрөөс өнөө талхны үйлдвэрүүд бензиний үнийн өсөлт дээр тулгуурлан бас нэгэн тооцоо гаргаж тээврийн зардал өссөн хэмээн үнээ нэмэх вий. Мах, гурил будаа бүгд тээврээр дамжина, тээвэр нь бензинээр явна. Нэг өрхийн биш нийгэмд энэ үнийн өсөлт дарамт болох нь дамжиггүй. Гэтэл аливаа бүтээгдэхүүний суурь үнэ болсон бензиний үнэ хяналтаас гарч хэдэн хувийн компанийн захирлуудын тооны машин дээр хийсэн тооцоон дээр үндэслэн өөрчлөгдөж байна.
Энэ дашрамд бусад улс оронд үнэ ямар байгааг сонирхъё. Их Британид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 11 860 төгрөг. Өдөрт найман цагаар бодон сарын 22 өдөрт ажиллахад тэндхийн энгийн ажилчны сарын цалин хоёр сая 87 мянга орчим төгрөг болж байна. Өдгөө манайд мөрдөж буй 140 400 төгрөгөөс даруй 15 дахин их. Тэгвэл тэнд нефть бүтээгдэхүүний хамгийн үнэтэй нь 2900 төгрөг байна. Тэгвэл монголчууд хамгийн их ажиллаж амьдардаг Солонгост хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 950 мянган вон. Монголоор бол 1 сая 50 мянган төгрөг болж байна. Олборлох газрын тосгүй тул ОХУ болон Арабын нэгдсэн эмират улсаас түүхий нефть авч нэрснээр эцсийн бүтээгдэхүүн гаргаж иргэдээ нефть бүтээгдэхүүнээр хангадаг. Сардаа сая воннын цалинтай солонгосчуудын хэрэглэдэг нефтийх нь үнэ 1960-2000 вонны үнэтэй. Үүнийг төгрөгт хөрвүүлбэл 2293-2340 болж байна. Харин Монголд ямар байна вэ. Доржийнх шиг 570 мянган өрх яаж амьдрах вэ, сайд дарга нар аа.