Пентагон: “Карл Винсон” Солонгосын хойгт очно

Хуучирсан мэдээ: 2017.04.20-нд нийтлэгдсэн

Пентагон: “Карл Винсон” Солонгосын хойгт очно

Хойд Солонгост цохилт өгөхөөр хөдөлсөн гэх АНУ-ын тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоцуудын байршил өчигдрөөс хойш олны анхаарал татаад байна. Дөрөвдүгээр сарын 9-ны өдөр тушаал аван Солонгосын хойг руу хөвсөн гэх байлдааны онгоцууд Австралийн хавьд сургуулилалт хийж байгаа хэмээн өчигдөр /2017.04.19/ АНУ-ын цэргийн эх сурвалж мэдээлсэн.

АНУ Хойд Солонгосыг, цаашлаад дэлхий дахиныг хуурсан уу гэдэг асуулт сонин байгаа юм. Гэвч Пентагоны тэргүүн Жеймс Мэттис онгоцууд одоо Австралийн хавьд байгаа ч “Бид хэлснээрээ хийх болно. Тэд зорьсон газраа хүрнэ. Хэзээ очиж, хэзээ үүргээ биелүүлж эхлэхийг би сүүлд мэдээлэх болно” хэмээн хэлснийг америкийн хэвлэлүүд мэдээллээ.

Онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлгөөр толгойлуулсан байлдааны дөрвөн онгоц Сингапурын эрэг хавиас төлөвлөсөн ёсоор Австрали руу биш Солонгосын хойг руу хөдөлсөн гэсэн мэдээлэл дэлхийн улс орнуудад түгшүүр төрүүлсэн. Ялангуяа Зүүн Азийн улс орнуудад. Хойд Солонгосын зүгээс ч тэр даруй мэдэгдэл хийж, хэрвээ АНУ цохилт өгвөл хариу цохилт өгөхөд бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Америкийн хэвлэлүүд хөлөг онгоцууд үнэхээр Австралийн эрэг хавьд байгаа сансрын гэрэл зургийг нийтэлжээ.

Цагаан ордны ээлжит мэдээллийн үеэр Трампын хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер “АНУ-ын Ерөнхийлөгч хэнийг ч хуураагүй” хэмээн мэдэгджээ. “Ерөнхийлөгч Трамп АНУ-ын цэргийн хүчин Солонгосын хойг руу хөвж яваа гэж мэдэгдсэн. Энэ бол үнэн, хөвж яваа” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж