Баянхошууны Балдан жолооч …

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Баянхошууны Балдан жолооч …

Би ажилдаа автобус хэмээх нийтийн тээврээр явдаг нэгэн. Бас ч үгүй хол зам туулах учир цонх юугаар нь харж явах бөлгөө. Автобус үнээ нэмлээ, зарим нь 400 төгрөг авч байна гэсэн яриа эхлээд гарахад “эх оронч хүмүүс” ихээхэн хилэгнэж, эрх баригчид нь “боль” гээд зандарч байсан нь тун саяхан. Хэрэглэгчдийн найдвартай түнш нэр­тэй нэг компани нь 400 төгрөг гэж гүрийгээд л явж өгсөн . Бусад нь зовоод л байсан. Наадмын өмнө байсан болоод “бослого мослого” гаргахад бэлэн, хүмүүс дуу шуутай байв аа, хөөрхий.. Хамгийн сүүлд нь яг наадмаар цаа­дуул чинь үнээ яг нэмэх гэж байна хэмээн “Ардын эрх” нэг дуугараад анзаарсан хүнгүй өнгөрөв. Сонины хэвлэгд­сэн дугаарын будаг шунх хатаж амжаагүй шахуу байтал  бүх автобус 400 төгрөгийн ханштай болжээ. Бүгд л чив чимээгүй, хэдэн жилээр өгч байсан юм шиг л мөнгөө төлж байна. Ингээд та 160 мянгын цалинтай бол сардаа 400 удаа, хэрэв 200 мянгатай бол 500 удаа, 300 мянгатай бол 750 удаа гэх мэтээр автобусаар явах болжээ.

Цонхоор харлаа. Зам засварууд дуусч байна. Эргэлт, уулзварууд нь өргөн болжээ. Түгжрэл дундарсан юм алга. Явсаар байгаад Хөдөө аж ахуйн яам хүрч ирлээ. Цаанаас ирсэн замын гол ойрхон эгнээний машинууд хойш эргэх болсон учир замын үлдсэн эгнээний машинууд зогслоо. Урд хоосон зам харагдаж, эсрэг урсгалд нь машинууд овоорч байна. За эсрэг урсгал ч яамай, бидний эгнээний шулуун хөдөлгөөн үргэлжилж баймаар. Гэтэл улаан гэрэл гэх нэг муу “түгжрээ” бас л асах аж. Түүнийг анзаарах хүн алга даа. Ийм уулзварууд төв замаар нэг. Харин хөдөлгөөн эхлэнгүүт нэг хэсэг газар овоо дундарчээ.

Зам засвар дууслаа гэсэн шиг шугам сүлжээнийхэн ажилдаа мэр сэр харагдаж шинэ замаа ухах, явган хүний замыг хуулах маягтай. Ёстой хорлонтой гэлтэй. Эсвэл дарга нар засвараа наадам дөхүүлж эхлээд баяртаа бэлэг барих гэж хам хум хийхээс гадна намар нь дахиад шугам сүлжээнийхнээр эвдүүлэх сонирхолтой байдаг юм уу хэн мэдлээ. Ирэх жилд замаа дахиад засвал унацтай байх л даа.  Мөнгө бол байна аа, будаг ч бас байна. Будаг гэдэг бас л мөнгө л дөө. Замын уулзваруудыг шар будгаар эрээлжлэн гоёсныг хараа биз дээ, та нар минь. Харамсалтай нь тэр гоё эрээн ямар учир утгатайгаа үзүүлж амжилгүйгээр хэдхэн хоногт балрав аа. Монголчуудаа шатарчин гэж үзүүлэх гэсэн юм байлгүй дээ хөөрхий.

Засвартай зам дуусаад нүхтэй замдаа орж ирлээ. Ёо ёо, ямар их донслоно вэ? Дээр нь автобус ны наклад гэдгийнх нь чангаар чахрах нь чихэнд чийртэй гэж…
Ажил дөхлөө. Баянхошууны Балдан жолооч баруун офицерүүдийн ордон хүрэх Нэргүй хүүхэн хоёр өг­лөө бүр уралдах аж. Байдаггүй шүү, нөгөө хүүхэн чинь гэж бодсоор Балдан буудалдаа хүрч зогсоод хаалгаа нээв. Нэргүй байдаггүй. Нэлээд хүлээтэл тэр хар хурдаараа булан тойроод айсуй. Амждаг болов уу гэж бодсон Балдан Нэргүйг гүйгээд ирэхэд нь хаалгаа харжигнуулан хамрынх нь өмнүүр хаагаад “хөөрхий дөө, өнөөдөр ажсангүй” гэж бодсоор буудлаасаа хөдөллөө. Ийм онигоо санаанд орж байна. Онигоо л доо.

Гэхдээ Балдан ч, Балдангийн дарга ч, Балдангийн дар­­гын дарга ч, Балдангийн явах замын засварын дарга ч Нэргүйгээ бодсоор авч нэгийг хийх ажээ, хөөрхий!

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж