Цонхоор харлаа. Зам засварууд дуусч байна. Эргэлт, уулзварууд нь өргөн болжээ. Түгжрэл дундарсан юм алга. Явсаар байгаад Хөдөө аж ахуйн яам хүрч ирлээ. Цаанаас ирсэн замын гол ойрхон эгнээний машинууд хойш эргэх болсон учир замын үлдсэн эгнээний машинууд зогслоо. Урд хоосон зам харагдаж, эсрэг урсгалд нь машинууд овоорч байна. За эсрэг урсгал ч яамай, бидний эгнээний шулуун хөдөлгөөн үргэлжилж баймаар. Гэтэл улаан гэрэл гэх нэг муу “түгжрээ” бас л асах аж. Түүнийг анзаарах хүн алга даа. Ийм уулзварууд төв замаар нэг. Харин хөдөлгөөн эхлэнгүүт нэг хэсэг газар овоо дундарчээ.
Зам засвар дууслаа гэсэн шиг шугам сүлжээнийхэн ажилдаа мэр сэр харагдаж шинэ замаа ухах, явган хүний замыг хуулах маягтай. Ёстой хорлонтой гэлтэй. Эсвэл дарга нар засвараа наадам дөхүүлж эхлээд баяртаа бэлэг барих гэж хам хум хийхээс гадна намар нь дахиад шугам сүлжээнийхнээр эвдүүлэх сонирхолтой байдаг юм уу хэн мэдлээ. Ирэх жилд замаа дахиад засвал унацтай байх л даа. Мөнгө бол байна аа, будаг ч бас байна. Будаг гэдэг бас л мөнгө л дөө. Замын уулзваруудыг шар будгаар эрээлжлэн гоёсныг хараа биз дээ, та нар минь. Харамсалтай нь тэр гоё эрээн ямар учир утгатайгаа үзүүлж амжилгүйгээр хэдхэн хоногт балрав аа. Монголчуудаа шатарчин гэж үзүүлэх гэсэн юм байлгүй дээ хөөрхий.
Засвартай зам дуусаад нүхтэй замдаа орж ирлээ. Ёо ёо, ямар их донслоно вэ? Дээр нь автобус ны наклад гэдгийнх нь чангаар чахрах нь чихэнд чийртэй гэж…
Ажил дөхлөө. Баянхошууны Балдан жолооч баруун офицерүүдийн ордон хүрэх Нэргүй хүүхэн хоёр өглөө бүр уралдах аж. Байдаггүй шүү, нөгөө хүүхэн чинь гэж бодсоор Балдан буудалдаа хүрч зогсоод хаалгаа нээв. Нэргүй байдаггүй. Нэлээд хүлээтэл тэр хар хурдаараа булан тойроод айсуй. Амждаг болов уу гэж бодсон Балдан Нэргүйг гүйгээд ирэхэд нь хаалгаа харжигнуулан хамрынх нь өмнүүр хаагаад “хөөрхий дөө, өнөөдөр ажсангүй” гэж бодсоор буудлаасаа хөдөллөө. Ийм онигоо санаанд орж байна. Онигоо л доо.
Гэхдээ Балдан ч, Балдангийн дарга ч, Балдангийн даргын дарга ч, Балдангийн явах замын засварын дарга ч Нэргүйгээ бодсоор авч нэгийг хийх ажээ, хөөрхий!