Анагаах ухааны доктор Д.Даваадоржтой ярилцлаа.
-Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна?
-Анагаахын оюутан байхдаа асрагч, сувилагч гээд гүйж байснаасаа хойш гэж үзвэл одоо хорин долоо дахь жилдээ, харин эмчийн ажлаа хийгээд 20 жил болж байна.
-Яриагаа олон нийтийн дунд анхаарал татдаг асуудлаас шууд эхэлье. Монголчуудын дунд элэгний өвчлөл их болж. Ямар учир шалтгаанаас ийм болчихов оо гэдгийг эмч, судлаач хүний хувьд танаас асууя?
-Монгол орны хувьд нийт өвчний тархалтаар нь аваад үзэхэд элэгний өвчлөл эхний хоёр гуравдугаар байрт орж байгаа юм. Элэгний өвчлөл манайд өндөр тархалттай, өндөр өсөлттэй явж байгаа өвчнүүдийн нэг болж. Тэр дотроо вирусын шалтгаантай элэгний эмгэг, үрэвсэл болон түүнээс хүндэрсэн элэгний хатуурал, элэгний хавдрууд зонхилж байна. Вирусээс шалтгаалсан өвчлөлөөс гадна хорт бодисын шалтгаантай эмгэгүүд ч бас их байна. Түүн дотроо архины хор нөлөөгөөр үүссэн эмгэг өвчлөл их байна. Гарал үүсэл нь ч тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүд ч бас элэгний эмгэг өвчлөлийг үүсгэж байгаа. Өөр нэг шалтгаан сүүлийн үед нэмэгдсэн нь мөнгөн ус зэрэг химийн бодистой харьцаж ажиллаж байгаа хүмүүст тэдгээр хромын төрлийн бодисны учруулах хор уршиг ихэсч эмгэг үүсгэж байна.
-Амьдралын хэв маягтай холбоотойгоор элэгний өвчлөлд хүргэж байгаа шалтгаанууд байдаг уу?
-Байна аа. Сүүлийн арав гаруй жилийн дотор монголчуудын дунд таргалалт ихэссэн. Үүнээс болж бодисын солилцооны шалтгаантай хам шинж гэж эмгэг үүсч байна. Энэ ч бас элэгний өвчлөлийн нэг том шалтгаан болж орж ирж байна. Ер нь бол вирусын шалтгаантай өвчлөл илүү байгаа нь үнэн. Монголчуудын дунд гарч байгаа вирусны шалтгаантай элэгний өвчлөлийн 16-17 хувь нь В вирусээр үүсгэгдсэн эмгэг байдаг. Мөн С вирусний өвчлөл бас ийм хувьтай байна. Энэ нь Монгол орныг дэлхийд энэ төрлийн өвчин маш өндөр тархалттай орон гэж бүртгэхэд хүргэж байгаа юм. 1999 оноос хойш ингэж явж байна. Элэгний өвчлөл хүндэрч элэгний хатуурал, хавдар болж байгаа тохиолдлын тоо нь ч дэлхийд мөн л өндөр үзүүлэлт болон бүртгэгдэж байгаа. Монгол энэ төрлийн өвчлөлөөр анхаарал татсан орны нэг болсон. Яагаад элэгний өвчлөл ийм өндөр тархалттай болов гэдгийг судлаад үзэхэд хамгийн түрүүн монголчуудын буруу зуршил их нөлөөлсөн байдаг. Гэхдээ манай уламжлалт амьдралын хэв маягтай огт хамааралгүй. Харин 1960-70-аад оны үед монголчууд гэрийн нөхцөлд тарилга их хийдэг байсантай холбоотой. Гэрийн нөхцөлд буцалгаж хэрэглэдэг шприц буюу зүү тариурыг дамжуулж хэрэглэснээс элэгний эмгэг үүсгэгч вирусууд ийм өргөн тархахад хүргэсэн байгаа юм. Эхний шалтгаан нь энэ. Дараагийх нь мэс засал, шүд, эмэгтэйчүүд, гоо сайхны чиглэлийн эмчилгээнүүдэд хэрэглэж байсан багаж хэрэгслийн ариутгал муу байсантай холбоотойгоор халдвар тархсан байдаг. Эдгээрийн үр дагавар нь одоо элэгний үрэвсэл хатуурал, хавдар болон илэрч гарч байгаа юм.
Дээр нь архи болон хямралын учир шалтгаантай нөлөөлсөн зүйлүүд ч байдаг. Нийгмийн нөхцөл байдлын уналтыг даган үүссэн хямрал, түүнийг дагаад архидалт ихэссэн нь элэгний өвчлөлийн дэгдэлтэд бас нөлөөлсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэр тусмаа энэ хямрал, архидалтын хүчин зүйл нь вирусын өвчлөлтэй хавсарч, өргөн тархалттай, ноцтой хэлбэрийн өвчлөл ихсэхэд нөлөөлсөн гэж болно.
-Вирусийн гаралтай элэгний өвчлөлийг дараа үедээ дамжин халдварладаг гэдэг. Хэдэн үе өнгөрч байж эрүүлжих бол?
-Хэрвээ нийгмийн эрүүл мэндийн ажлуудыг сайн хийж, энэ чиглэлээр сайн бодлого хэрэгжүүлээд явбал ерөнхийдөө хоёр үеийн дараа эрүүлжих, өвчлөл буурах боломжтой. Одоо халдвартай хүмүүстэй хамт амьдарч байгаа хүмүүс болон хамт ажиллаж байгаа бусад хүний хувьд халдвар авах магадлал маш өндөр байдаг. Энэ бол олон улсын судалгаагаар батлагдсан зүйл. Халдвартай хүнтэй нэг гэрт амьдарч байгаа хүүхдүүд, гэр бүлийн гишүүд өвчлөлд өртөх эрсдэлтэй гэсэн үг. Үүнээс болж л үе удам дамждаг гэсэн яриа гараад байгаа юм. Хоёр үе гэдэг нь өнөө үе болон бидний дараагийн үе шүү дээ. Тиймээс одооноос эхэлж цаг алдалгүй хийх зүйл их байна. Нийгмийн эрүүл мэндийн сайн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэх ёстой болж байна. Дээр нь эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд ажилдаа эзний ёсоор хариуцлагатай ажиллаж, багаж хэрэгслийн ариутгал зохих төвшиндөө хийгдэж байх ёстой юм. Мөн эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, эмчилгээний ахиц дэвшил ч мөн чухал үүрэгтэй. Энэ бүхнийг хичээж сайжруулж чадвал хоёр үеийн дараа гэхэд л элэгний өвчлөлийн асуудлыг одоогийн хурцадмал нөхцөл байдлаас нь бууруулах боломж байна.
Үнэнийг хэлэхэд манай анагаах ухааны хөгжил дэлхийн анагаах ухааны хөгжлөөс 40 жилээр хоцорчихсон байна. Бид л өөрсдөө болоод байна гэж байгаагаас биш 40 жилээр хоцорно гэдэг чинь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас бараг хоёр үе хоцорч явна гэсэн үг. Манай эмч нарын ихэнх нь “школ”-оор нь явсан ОХУ гэхэд дэлхийн төвшнөөс 20 жилээр хоцорч яваа гэж ярилцдаг юм билээ. Ингээд харвал Орос маань өнөөгийн төвшнөөс 20 жил, бид оросуудаасаа 20 жилээр хоцорсон байгаа биз. Гашуун ч гэсэн үнэн учраас бид цаашдаа юунд чиглэж хөгжих вэ гэдгээ баримжаалахад хэрэгтэй зүйл байгаа юм л даа.
-Нийгмийн эрүүл мэндийн бодлого их чухал байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Нийгмийн эрүүл мэнлдийн бодлого хэрэгжүүлж байна гээд манайд маш олон төсөл хэрэгжиж байгаа ч үр дүн нь бага. Гэтэл нөгөө өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн салбарын хөгжлийн төвшин нь манайхаас өдий олон жилээр тасраад байгаагийн нэг учир шалтгаан нь нийгмийн эрүүл мэндийн бодлогыг өндөр үр дүнтэй хэрэгжүүлж чаддагт байгаа юм. Гэтэл манайд яаж байна. Гепатитийн буюу элэгний эмгэгийн асуудлаар ч тэр, хөрсний бохирдол, агаарын бохирдлын асуудлыг шийдэх талаар ч тэр өчнөөн олон жил яриад л байдаг. Хор уршиг нь буурахгүй л байна шүү дээ.
-Хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй байна?
-Хамгийн түрүүнд эмнэлгүүдийн багаж хэрэгслийг шинэчилж, ариутгалыг өндөр төвшинд хийдэг болж хэвших нь чухал. Эмнэлгүүдийн дотоод ариутгал, дотоод халдварын асуудлыг бууруулах талаар шинээр бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт хүмүүст хүргэх эрүүл мэндийн боловсролыг илүү сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс тариа, дусал хийлгэвэл бие нь сайхан болоод эрүүлжээд явна гэх ойлголттой байдгаас нь салгаж, эмчийн зааваргүйгээр эмчилгээ хийдэг, бие биенийхээ амаар дур мэдэн өөрийгөө эмчлэх гэж оролддог зуршлыг ч болиулж, дусал залгах, тариа хийх зэргийг зөвхөн эмчийн заавар, зөвшөөрлөөр хийдэг болох хэрэгтэй байна. Дурын хүн дуртай тариагаа аваад л хийчихэж байна шүү дээ. Үүнээс болоод л бүх төрлийн халдвар авахад бэлэн байна. Арьс гэмтэнэ гэдэг ямар ч халдварт хаалгыг нь нээгээд өгчихөж байна гэсэн үг. Энэ буруу хэвшлийг зогсоох нь эрүүл мэндийн боловсролын нэн түрүүнд хийх ажил. Эмнэлгийн багажны ариутгал сайжраад, эмнэлгийн дотоод халдвар байхгүй болоод, дээр нь хүн амын эрүүл мэндийн боловсрол сайжраад ирвэл элэгнийн эмгэг өвчлөл хүссэн хүсээгүй л буурах болно.
-Одоо эдгээр ажлууд эрх биш гараанаасаа гарсан биз дээ?
-Ажил хийгдэж байгаа ч үр дүн, явц муу байна. Удаан байна. Энгийн жишээ хэлэхэд орчны бохирдол маш их байгаа ч бууруулах талаар хийж байгаа зүйл бараг алга. Орчны эрүүл ахуй муу байгаа нь бүх төрлийн өвчний эх үүсвэр болдог. Хөрсний бохирдол айл бүр хашаандаа “00”-той, мөн ил задгай хог, бохироо, цэр нусаа хаядгаас болж байна гэдгийг хүн бүр л мэддэг. Тэгвэл эдгээр бохирдлыг гутландаа нааж гэртээ ороод хүүхдийнхээ гарт аваачиж өгдөг гэдгийг ойлгож байгаа болов уу. Хуучин байрнуудад хогийн бункер гэж байдгийг халах цаг болсон. Тэндээс гарч байгаа үнэр, уур, бохир хаягдлуудын дунд хүүхдүүд тоглож, хүмүүс амьсгалж байгаа юм. Энэ бүхнийг зөв тал руу нь засч өөрчлөх хэрэгтэй. Бохирын нэгдсэн системийг шаардлагатай газарт нь бий болгож, “00”-ийнхоо тоог цөөрүүлж, цэвэр усны хангамжийг бүрэн шийдэх гээд олон зүйлийг цаг алдалгүй хийж байж л үр дүнд хүрнэ.
-Үр дүнд хүргэхийн тулд юу дутаад байна, хөрөнгө мөнгө үү?
-Уг нь яамнаас хэрэгжүүлж байгаа ажил бий ч хангалттай биш. Зөвхөн хөрөнгө мөнгө биш, нэгдсэн бодлого бас их дутаж байна.
-Нийгмийн халварт өвчнүүдийн хувьд эрсдлийн бүлэг гэж байдаг. Элэгний өвчлөлд ийм зүйл бий юу?
-ДОХ гэхэд л эрсдлийн бүлгээ тодорхойлоод анхааралдаа авч урьдчилан сэргийлдэг шүү дээ. ДОХ-ын өвчлөлтэй хүн 100-аад байхад халдвар авсан нь 2000 орчим байдаг болов уу. Тэр хүмүүст тавих хандлага анхаарал их өөр, маш өндөр төвшинд асуудлуудыг шийдээд явж байгаа. Тэгсэн атлаа В, С болон Д вирусын халдвартай өвчлөл манайд их байхад үүнд огт анхаарал тавихгүй байна. Бараг л байдаг л зүйл мэтээр авч үзэх болсон. Энэ нь эргээд нийгэмд аюул учруулж байна. Африкийн зарим орнуудад хоёр хүний нэг нь ДОХ-ын халдвар авсан байдгаас тэндхийн хүмүүс нь “ДОХ-той” гэдэг мэдээллээс цочрохооргүй дөжирсөн байдаг. Үүнтэй адил зүйл манайд бий болчихоод байна. В, С болон Д вирусийн халдвар хүн амын талд нь халдчихаад байхад огт санаа зовдоггүй, хүмүүс нь бие биедээ “Би С-тэй, чи В-тэй юу” гэсэн юм яриад л хээвнэг байгаа нь эрүүл зүйл мөн үү. Гэтэл барууны орнуудад дээрхи вирусийн халдвартай байна гэдэг бол ДОХ-ын вирустэй яг адилхан ойлгогдож явдаг. Тиймээс ийм өвчлөлд тавих анхаарал нь ДОХ-оос дутахааргүй байдаг. Манайд ч мөн адил вирусийн гаралтай элэгний өвчлөлд зохих ёсоор анхаарал хандуулахгүй бол ийм төрлийн өвчнөөр нас баралтын хувь хэмжээ өндөр хэвээр л байх болно.
-А гэж бас байдаг биз дээ?
-Хүн бүр ингэж асуудаг бол сайхансан, уг нь. Яагаад гэхээр А буюу манайд бол бас Е гэгдэх хоёр вирусийн өвчлөлийг манайхан шар өвчин гэдэг. Ус болон хөрсний бохирдлоор дамжиж халдварладаг. Энэ өвчин барууны орнуудад байдаггүй. Монгол шиг харьцангуй агаар, ус нь цэвэр, дээр нь хүн ам сийрэг суудаг газар бол уг нь бүр ч гарахааргүй өвчин. Гэвч гараад л байгаа юм даа. Эрүүл ахуйн тодорхой төвшин хангахуйц нийгмийн дорвитой арга хэмжээ авахад л энэ өвчин байхгүй болчих учиртай.
-Ер нь элэгний өвчлөл үүсгэдэг хэдэн вирус байдаг юм бэ?
-Элэгний өвчлөл үүсгэдэг 11 вирус байгаа. Зонхилон тохиолддог нь л 4-5 байгаа юм. Манайхны хувьд аюулын харанга дэлдээд байгаа нь цусаар дамжиж халддаг В, С болон D вирусийн халдвар. Бусад вирусийн халдварыг бид оношлох талдаа бас тааруухан л байна.
-Өвчлөлөөс сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?
-Эхлээд ямар замаар халдвар аваад байгааг нь харъя л даа. Мэдээж тариураар дамжиж байна, гоо сайхны мэс ажилбаруудаар дамжиж байна. Мэс заслын багажуудаар дамжуулж бас халддаг. Эмэгтэйчүүдийн мэс засал, шүдний мэс засал ажилбарууд болон ерөнхий мэс заслын үеэр халдварладаг. Тиймээс эдгээр ажиллагаануудад хэрэглэгдэж байгаа багаж хэрэгслийн ариутгал, шинэчлэл, нэг удаагийн хэрэглээг шаардлагад нь хүргэх ёстой. Хүмүүс сүүлийн үед шивээс хийлгэх, хөмсөг шивүүлэх, хумсаа засуулах, мэнгэ авахуулах үйлчилгээг их хийлгэдэг болсон. Эдгээрээс болоод халдвар их дэгдэж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Гоо сайхны жижиг кабинетууд багажаа дамжуулж хэрэглээд байгаа нь халдвар тараах нэг зам болж байна. Хамгийн том асуудал ч гэж хэлж болно. Шүдний кабинетууд ч ийм асуудал гаргаж байсан тохиолдол олон бий.
-Тэгээд үүнд нь арга хэмжээ авдаг юм уу?
-Хурал зөвлөгөөн дээр яригдаж л байдаг, судалгаа нотолгоотой зүйл. Мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагууд уг нь мэдэж л байх ёстой. Арга хэмжээ авч, хяналт шалгалт хийдэг байлгүй дээ. Гэхдээ нөлөөлж байгаа нь хэр юм бол мэдэхгүй байна.
-Ер нь элэгний өвчлөлийг яаж таньж, ямар үед нь эмчилж эхэлбэл үр дүнтэй вэ?
-Элэгний эмгэгийн эхний шинж тэмдэг ядралт л байдаг. Шалтгаангүй ядрах шинж тэмдэг, бие сулрах байдал эхэлж мэдрэгддэг. Энэ нь хурц үрэвслээр өвдөж эхэлж байгаагийн шинж тэмдэг. Улмаар архаг үрэвсэл болж, цаашлаад элэгний хатууралд шилждэг. Тэгээд хатуурлаасаа хавдарт шилжинэ, ийм дөрвөн үе шат байгаа юм. Аль болох эрт үед нь л оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй. Тэгж байж үр дүн гарна. Болж өгвөл хурц үед нь мэдээд архагшуулахгүйгээр сайн эмчлэх зорилт тавьдаг. Хэрэв архагт шилжсэн байвал хатуурал болон хавдар болохоос нь сэргийлж эмчилнэ. Ядаж л архаг гепатитийн үед нь мэдээд эмчилгээгээ сайн хийгээд цааш нь хүндрүүлэхгүй бол сайн. Дашрамд хэлдэхэд манайхан элдэв эм бэлдмэл, витамин, тэжээлийн витамин их хэрэглэдэг болсон нь эмчилгээний үр дүнд маш их саад болдог. Ер нь ч элэгний эрүүл мэндэд эдгээр нь сайн зүйл биш юм.
-Манайд оношилгоо хэр байгаа вэ?
-Элэгний эмгэг өвчлөлийн оношилгооны хувьд дэлхийн стандартад ойртож очсон гэж хэлж болно. Эмчилгээний хувьд ойртуулах гэж л хичээж ажиллаж байна. Дэлхий дээр элэгний өвчлөлийн үндсэн хоёр л эмчилгээ байдаг. Интерферроны болон нуклеозидийн эмчилгээ гэж. Эмчлэх стандарт, тогтсон арга барил нь хэдийнээ бий болсон.
-Хүмүүсийн дунд янз бүрийн эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэсэн гэх яриа их байдаг. Чухам аль нь зөв юм бол?
-Дээр хэлсэн интерферронийн болон нуклеозидийн эмчилгээний аргууд нь дэлхийн хэмжээнд судлагдаад, батлагдаад, шалгагдчихсан үр дүнтэй эмчилгээний арга. Эмчилгээний стандарт нь ч бий болсон. Энэ аргуудыг манайд элэгний эмчилгээний стандарт болгоод мөрдүүлэх хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар ийм зүйл алга. Элэгний эмчилгээний тухайд баахан замбараагүй байдал л үүсчихээд байгаа юм. Хэн дуртай нь юу хүссэнээ л хийж, толгойдоо орсноор эмчилж байна.
-Үүнийг цэгцэлж болдоггүй юм уу?
-Шуудхан хэлэхэд элэгний өвчлөлийг эмчлэх нэгдсэн нэг стандартыг бий болгохоос зайлсхийх сонирхол байгаа учраас ийм байгаа юм. Энэ замбараагүй байдлын цаана элдэв төрлийн хэрэгтэй хэрэггүй эм бэлдмэл, энэ тэрийг зарж борлуулдаг бизнесийн ашиг сонирхол хүчтэй яваад байгаа болохоор ийм байдалд хүрсэн. Ийм ашиг сонирхлын цаана манай нэр хүндтэй эмч нар ч өөрсдөө оролцоод явж байдаг юм билээ.
-Айхтар мэдээлэл байна даа, энэ чинь?
-Айх нь яахав, сэрэмжилж бодох хэрэгтэй. Олон янзын эм бэлдмэдл гадуур зөндөө л байна. Солонгосын Кундам ч бил үү, бас В 5 ч бил үү, янз янзын эм бэлдмэл, өвс тоос хүртэл хэрэглэж үзэх юм. Дээр нь манай эмийн компаниудын замбараагүй ажиллагаанаас болоод одоо ч хэрэгтэй хэрэггүй эм тарианаас дуртайгаа аваад хэрэглэх болсон байна. Гадагшаа яваад эмчлүүллээ л гэдэг, хэсэг хугацааны дараа бие нь эргэж муудаад л эргээд ирж байна. Эцэст нь яадаг вэ гэхээр интерферрон, нуклеозидийн эмчилгээнд л эргэж орж байгаа юм. Тэр хооронд нь өчнөөн их зардал мөнгө дэмий л үрж байгаа хэрэг. Хэрэгтэй эмчилгээгээ хийлгэх зардлаа хоёр дахин заримдаа түүнээс ч илүү нэмж төлж байна.
-Стандарттай болчихсон гэж хэлээд байгаа энэ хоёр эмчилгээний үр дүн нь ямар вэ?
-Интерферроны болон нуклеозидийн эмчилгээний үр дүн эхлээд арав гаруйхан хувьтай байсан. Дараа нь тавин хувьтай болсон. Одоо эмчилгээний үр дүн 80 хувьтай байгаа. Энэ хоёроос өөр элэгний эмчилгээний сайн арга байдаггүй. Манайхан бэрхшээгээд байгаа хоёр зүйл бий л дээ. Нэгдүгээрт, энэ эмчилгээнүүд их үнэтэй. Дээр нь хэрэглэх хугацаа нь нэлээдгүй урт. Өвчлөлөөсөө хамаарах хэдий ч дунджаар 24 долоо хоног буюу зургаан сараас эхлээд 48, 72 долоо хоногийн хугацаатай үргэлжилдэг. Эмч болон эмчлүүлэгчийн аль алинаас нь маш их тэвчээр, уйгагүй зүтгэл шаарддаг.
-Эмчлүүлж байгаа хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл бас их юм байна?
-Тэгэлгүй яахав. Уг нь интерферроны болон нуклеозидийн эмчилгээг илүү хүртээмжтэй болговол сайн л байна. Даанч эмчилгээ өөрөө үнэтэй, тэгээд манайд өвчлөгсөд маш олон байгаа учраас эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө гаргаж дийлэхгүй байна. Манайд вируст гепатиттай тэмцэх хөтөлбөр уг нь хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа. Гэхдээ тэр нь ганцхан Халдвартын эмнэлэг дээр л цөөн тооны өвчтөнг хамарч байна. Тийм болохоор нийтэд хүртэх хүртээмж муу байгаа.
-Монголд элэг солих мэс засал хийнэ гэж ярьсаар удаж байна. Энэ асуудал юу болсон бэ?
-Манай эмч мэргэжилтнүүд, элэг шилжүүлэх багийн гишүүдийн дөрвөн жилийн хөдөлмөр, хүчин зүтгэлээр одоо энэ ажлыг эхлэхээр бэлэн болсон. Шинэ технологи нэвтрүүлж байна л гэсэн үг. Дагалдаад донорын тухай асуудал гарч ирнэ. Энэ асуудлаар хуулийн төсөл УИХ-д оруулж хэлэлцүүлэх байх. Гэхдээ энэ технологи цөөхөн хүнийг л аварна. Нийгмийн эрүүл мэндийн бодлогоор сая саяар нь өвчлөлөөс сэргийлэхтэй адилтгахаар зүйл биш шүү дээ. Тийм болохоор зөв мэдээлэлтэй, боловсролтой байх асуудал магадгүй илүү чухал юм. Жишээ нь америкчууд, германчууд нэг их ухаантайдаа эрүү саруул, урт наслаад байгаа юм биш. Тэд ядаж л жилдээ нэг удаа шинжилгээ хийлгэж эрүүл мэндийн “байцаалт” өгч хэвшчихсэн учраас л эрүүл саруул амьдарч байна. Манайд 40-өөс дээш насныхан, эсвэл иргэн бүр жилдээ ядаж нэг удаа эмнэлгийн бүрэн шинжилгээнд хамрагддаг байхаар хууль гаргаасай гэж би боддог юм. Тэгээд хамрагдахгүй бол хариуцлага хүлээдэг байхаар. Яагаад гэвэл эрүүл байна гэдэг өөрийнхөө төдийгүй бусдын өмнө хүлээх хариуцлага байдаг.
-Эрүүл байх, ялангуяа элэг өвчлөхөөс хамгаалах сайн зөвлөгөө өөр юу байх бол?
-Юм болгоныг нуршаад яахав. Хоёр зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, манайхан олон үндэстний хоол хэрэглэдэг, гадаадаас төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг болж. Тэр болгон сайн биш. Тэр дундаа даршилсан ногоо, гарал үүсэл нь мэдэгдэхгүй импортын хүнсний бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь эмгэг үүсгэгч болж байгааг сануулья. Хоёрдугаарт, гадаадаас орж ирж байгаа виски зэрэг өндөр градустай архи дарсыг хэтрүүлж хэрэглэх маш хортой. Дээр нь байнгын архидалт дэндүү хавтгайрч байна. Арай л бэлтгэл ангийн хүүхдүүдийн төгсөлтийн баяр гэж найрлах нь холгүй байна. Болих л хэрэгтэй.