Ж.Эрдэнэбат: Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

Ж.Эрдэнэбат: Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх үүрэгтэй

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн зарим онцлох санаа, эшлэлийг хүргэе.


  1. Байгаль хамгаалал бол өөрөө амьд явах, үр хүүхэд, хойч үедээ эрүүл амьдрах орчин бүхий бүтэн эх орон өвлүүлэх чин хүсэлтэй хүн бүрийн үйлс.

  2. Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалан ногооноор нь авч үлдэх үйлст амьдралаа зориулж яваа Та бүхний ажил бол эх орноо манаж байгаа эр цэргийнхтэй дүйх хариуцлагатай бөгөөд нэр төртэй юм.

  3. Байгаль орчныг хамгаалах асуудал дээр алдаа гаргасан улс орнуудын түүхийг давтах эрх бидэнд байхгүй. Хэрвээ давтвал үр хүүхэд, хойч үе маань биднийг өршөөхгүй.

  4. Бид хойч үедээ зөвхөн бүтэн эх орон л хүлээлгэн өгөх үүрэгтэй.

  5. Бүтэн эх орон гэдгийг би хил хязгаар хүртэлх талбайн хэмжээг хэлсэнгүй. Хүн бүр эрүүл энх амьдрах орчин бүхий агаар, газар, ус, хүрээлэн буй орчин гээд байгаль дэлхийгээ бүтнээр нь хойч үедээ, ирээдүйдээ үлдээх ёстой юм.

  6. Иймд юуг, яаж хийвэл алдааг давтахгүйгээр ахиц дэвшилд хүрч болох вэ гэдгээ энэ чуулганаар давхар ярилцъя.

  7. Өнөөдөр дэлхийн улс орон бүр эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтаа улсынхаа байгаль орчны даац, чадавхид тааруулан, нийцүүлэн хөгжүүлж байна.

  8. Эрдэмтэн судлаачид Монгол Улсыг “хөгжих асар их боломжтой” гэж тодорхойлдог нь зөвхөн зэс, нүүрс зэрэг уул уурхайн баялгаар нь хэмжиж харсан шалгуур биш юм. Хөгжих, эдийн засгаа өсгөх, нийгмийн томоохон бүтээн байгуулалтаа даах асар их байгаль орчны даац, чадавхи Монгол Улсад байнаа гэдгийг хэлж сануулсан хэрэг.

  9. Өнөөдөр манай орны байгаль орчны чадавхи, даац нь хэтэрчихээд улсын маань хөгжил зогсч, эдийн засаг нь хямраад байна уу гэвэл бас үгүй. Харин манай улсын эдийн засгийн бодлого ч, хувь хүмүүсийн үйлдэл ч байгаль орчиндоо хэтэрхий халтай байгаад л хамаг учир байна.

  10. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гаргаж буй нүүрсхүчлийн давхар ислийн хий нь дэлхийн дунджаас бараг 8 дахин өндөр байгаа.

  11. Манай улсын хүн ам цөөн учраас үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй хэрнээ нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс ялгаруулж байгаа хийгээр дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байна.

  12. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ зарцуулж байгаа эрчим хүчний хэрэглээ нь дэлхийн дунджаас мөн л 4 дахин их байна.

  13. Эрчим хүчээ гаргаж авахдаа бас л байгалийнхаа эсрэг аргыг хэрэглэдэг. Монгол Улс өнөөдөр эрчим хүчний хэрэглээнийхээ 90 гаруй хувийг нүүрсээ шатааж гаргаж авч байна.

  14. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд бидэнд эрчим хүч хэрэгтэй, эрчим хүчээ гаргаж авахын тулд нүүрсээ шатаана. Ийм схемээр удаан явбал монголчууд бид ирээдүйд хүчилтөрөгчөөр биш, нүүрсхүчлээр амьсгалах болж байна.

  15. Байгальд халтай хүрэн эдийн засгаас байгальд ээлтэй ногоон эдийн засагт шилжих нь Монгол Улсын тогтовортой хөгжлийн замын зураг, 2020 он гэхэд хүрэхээр НҮБ-ын төвшинд тунхагласан зорилт юм.

  16. Хүрэн эдийн засаг аль болох богино хугацаанд эдийн засгийн ашиг олохыг илүүд үзэж бусад сөрөг үр дагаварыг үл тооцдог сул талтай.

  17. Харин ногоон эдийн засаг товчоор хэлэхэд, шилдэг технологи, сайн менежментийг хослуулж байгальд хамгийн бага хохирол учруулах, учруулсан тохиолдолд түүнийгээ нөхөн сэргээдэг тогтолцоо юм.

  18. Гол мөрөн, голын ус бохирдуулсан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох, шаардлагатай бол лицензийг нь цуцална.

  19. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө батлуулахаас гадна дэнчингийн мөнгө урьдчилан байршуулж, нөхөн сэргээлтийн үр дүнг харгалзан буцаан олгох зарчим баримтлах талаар судалж байна.

  20. Утаагүй үйлдвэрлэл болох аялал жуулчлалыг хөгжүүлж, эрчим хүчний алдагдалгүй ногоон барилгын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ.

  21. Байгаль орчин хүн төрөлхтний эрүүл амьдрах орчин, амьсаглах хүчилтөрөгч болохоос нэг хэсэг хүний, нэгэн үеийнхний амьдралын хэрэгцээг хангахад зориулагдсан нэг удаагийн санхүүгийн хэрэгсэл биш юм. Иймд цаашид алтыг нь авсан хоосон авдар, ухсан нүх үлдээхгүйн тулд манай Засгийн газар “Байгаль орчны сайн засаглал”-ыг илүү бодитой хөгжүүлэхийн төлөө ажиллана.

  22. Хамгаалсан, нөхөн сэргээсэн ой, хээрийг түймрээс хамгаалах нь орон нутгийн удирдлагуудын үндсэн үүрэг болохыг хатуу сануулж, энэ ажилд урамшуулал, хариуцлагын механизмыг хослуулан хяналт тавьж ажиллахыг хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад онцгойлон анхааруулж байна.

  23. Байгалиа, байгаль орчноо хамгаална гэдэг нь тойруулж хашаа хатгаад, хүний гар огт хүргэхгүй байхыг хэлэхгүй.

  24. Орчин цагийн байгаль хамгаалал бол байгалийн баялгаа зөв, зохистой ашиглах явдал юм.

  25. Эдийн засгаа тэтгэж, улсаа хөгжүүлэхийн тулд уул уурхайн салбараа тэлэх хүслэн байхад, байгаль орчны сөрөг нөлөөгөөр хүний эрүүл, аюулгүй амьдралын орчин хумигдах хяслан бас зэрэгцэж байна. Хүсэл, хясал хоёрын тэнцвэрийг хангахад нутгийн иргэдийн оролцоо нь хамгийн хүчтэй хяналт байх болно.

  26. Байгаль орчноо сүйтгэж олсон мөнгө бол бохир мөнгө. Эх дэлхийгээ уйлуулж, ирээдүйгээ хорлож олсон тийм мөнгө эдийн засгийг тэтгэхгүй.

  27. Үр хүүхдүүдийн маань сайхан ирээдүйгээс үнэ цэнэтэй эдийн засгийн өсөлт гэж байх ёсгүй.

  28. Одоо бүгдээрээ ширгээснээ бус, сэргээснийхээ тоог хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч, зүтгэл гаргаж ажиллах ёстой.

  29. Ухъя, олборлоё гэж байгаа хэсэг нь унаган төрхөөр нь эргэж сэргээх төсөвтэй, төлөвлөгөөтэй, хамгийн гол нь сэтгэлтэй байх ёстой.

  30. Хамгаалагдсан байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн хослол бол манай Засгийн газрын бодлого, баримталж ажиллах үндсэн зарчим байх болно.


“ЦЭЛМЭГ ХӨХ ТЭНГЭР, ЦЭНГЭГ УСНЫ ТӨЛӨӨ”

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулганТөрийн ордны их танхимд нээлтээ хийлээ. Чуулганд 21 аймгийн 170 гаруй сумаас ирсэн 800 гаруй байгаль хамгаалагчид хүрэлцэн ирж, өөрсдийн өмнө тулгамддаг бэрхшээл хийгээд өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтуудынхаа талаар төрийн өндөрлөгүүддээ хүргэж байна.

Чуулганыг нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд сайд Д.Оюунхоролын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм Ерөнхий сайдаа,

Хүндэт зочид, хатагтай ноёдоо,

Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирсэн төлөөлөгчид өө,

Монгол Улсын Ерөнхийсайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний 2 дугаар чуулганд уригдан ирсэн та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Юуны өмнө чуулганыг зорин ирж оролцож байгаа зочид төлөөлөгчид та бүхэнд, мөн тус арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоонд болон үйл ажиллагааг ивээн тэтгэсэн олон улсын байгууллагын түншүүддээ БОАЖЯ-ны нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж баяр хүргэе.

Бидний хуран цуглаад байгаа өнөөдрийн арга хэмжээ бол үндэсний төдийгүй, бүс нутаг, олон улсын ач холбогдолтой, даян дэлхийд тулгараад байгаа хөгжлийн асуудалд оруулах Монголчуудын, тэр дундаа Монголын байгаль хамгаалах нутгийн иргэдийн байгууллагуудын хувь нэмрийн талаар хэлэлцэх чуулган билээ.

2015 оны 9 дүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын дээд хэмжээний чуулганаар уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, байгалийн нөөцийн доройтол, хомсдол зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг 17 үндсэн зорилготойгоор батлан гаргасан билээ. Энэхүү хөтөлбөрийн эх газрын экосистемийг хамгаалах зорилгын хүрээнд нутгийн уугуул иргэдийн тогтвортой амьжиргаа, үйл ажиллагаа эрхлэх боломжийг хангах замаар байгаль орчныг хамгаалах үйлсийг дэлхий дахинаа дэмжих тухайлсан зорилтыг тавьсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль хамгаалах, байгалийн нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх ажилд нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлж, орон нутагт ажлын байр, орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох ажлыг зохион байгуулахаар тусгасан. Энэ бүхнээс Монгол Улсын Засгийн Газар байгалийн зохистой менежментэд нутгийн иргэдийн байгууллагын оролцоо, хувь нэмрийг дэмжих асуудлыг өөрийн анхаарлын төвд байлгаж хариуцлагатай хандаж байгааг харж болох байхаа.   

Өнөөдрийн үндэсний чуулганы үндсэн зорилго бол Монгол Улсад байгаль хамгаалах нутгийн иргэдийн нөхөрлөл үүсэн байгуулагдсанаас хойших  ололт, амжилт, сургамжийг дүгнэж, туршлага, мэдээлэл солилцохоос гадна, нөхөрлөлд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ажиллагч талууд болон нөхөрлөлүүдийн өөрсдийнх нь саналыг сонсох явдал юм.

Байгаль хамгаалах үйлсэд нутгийн иргэдийг оролцуулах санал санаачилгыг Монгол Улсын Засгийн Газар, Германы Олон Улсын Хөгжлийн Агентлагийн техникийн туслалцаатай Хан Хэнтийн болон Өмнөд Говийн Улсын тусгай хамгаалалттай газруудын Орчны бүсийн сумдад эхлүүлж 1999 онд анхны байгаль хамгаалах нөхөрлөл Өмнөговь аймгийн Баяндалай суманд байгуулагдаж байсан бол өнөөдөр нөхөрлөлийн үйл ажиллагаа өргөжин тэлж Монгол орны тал хээр, ойн экосистем, зэрлэг амьтан хамгаалах ариун үйлсэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа билээ.

Зөвхөн ойн салбарыг авч үзэхэд улсын бүртгэлтэй 1,629 нөхөрлөл 3 сая гаруй га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж, 13 аймгийн 49 сумын 62 агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан хамгаалж байгаа билээ.

Энэхүү чуулганы индрээс Монголын байгаль хамгаалах нөхөрлөлийн өнөөгийн хөгжилд олон улсын байгууллагууд, тэдгээрийн техникийн туслалцаа, санхүүжилт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, энэ чиглэлд тасралтгүй хамтран ажиллаж биднийг дэмжиж байдаг эдгээр байгууллагуудын удирдлага, зөвлөхүүд, ажилтнуудад БОАЖЯболон Монголын нөхөрлөлүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Түүнчлэн, тус чуулганд ажил үйлсээрээ шалгаран ирж оролцож байгаа тэргүүний нөхөрлөлүүд, тэднийг байнга дэмжиж ажилладаг орон нутгийн удирдлагууд та бүхний хичээл зүтгэл, хувь нэмрийг бид ямагт өндрөөр үнэлдгээ илэрхийлж, байгаль хамгаалах үйлсэд олсон амжилтад тань халуун баяр хүргэе. 

Энэ удаагийн чуулганаар нөхөрлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах механизмыг бүрдүүлэх, нөхөрлөлийг институцийн хувьд чадавхижуулах асуудлаар ажил хэрэгч олон ургалч яриа өрнөнө гэдэгт би итгэлтэй байна.

Ингээд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний 2-р чуулган албан ёсоор нээснийг мэдэгдэж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Нөхөрлөе, хамгаалъя, хамтдаа хөгжицгөөе. Баярлалаа

ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж